УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Чуулганы үеэр тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар санал хэлэв. Гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулав. Иймд асуудлыг өргөн хүрээнд харж, нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэллээ.  

Хэлэлцүүлгийн төгсгөлд тус хуулийн төслийг батлахыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь дэмжиж, батлав. 

Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо. 

Уг хууль нь үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломжийг бүрдүүлнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн аж. 

Тус хуулийн төслийг УИХ-ын дараах 10 гишүүн энэ оны 8 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн барьсан юм.

  1. Д.Оюунхорол, 
  2. Н.Амарзаяа, 
  3. Б.Бат-Эрдэнэ, 
  4. Д.Лүндээжанцан, 
  5. Ж.Мөнхбат, 
  6. Г.Мөнхцэцэг, 
  7. Х.Нямбаатар, 
  8. Ш.Раднаасэд, 
  9. Д.Тогтохсүрэн, 
  10. Д.Тэрбишдагва