Бөөрний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой болжээ

peak.mn
08 сарын 18, 2018

Бөөрний хорт хавдар үүсэх эрсдэл байгаа эсэхийг тогтооход тусалдаг илрүүлэгч молекул хүний цусанд байдаг болохыг илрүүлсэн тухай Их Британийн хавдар судлалын хүрээлэнгээс даваа гарагт нийтэлсэн судалгаанд тэмдэглэснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Хүний цусан дахь “КИМ-1” гэдэг уургийн молекулын түвшинг хэмжиж, тухайн хүний биед ирэх 5 жилд бөөрний хорт хавдар үүсэх магадлал байгаа эсэхийг тогтоох боломжтой болохыг судалгааны багийнхан олж илрүүлсэн байна.

“КИМ-1” молекулын нягтрал өндөр байх тусам бөөрний хорт хавдар үүсэх магадлал нэмэгдэнэ гэж дээрх судалгаанд дурдсан байна. Үүний зэрэгцээ, хорт хавдар хэдийнээ үүссэн өвчтнүүдийн хувьд тэдний цусан дахь “КИМ-1” молекулын нягтрал өндөр байх тусам эдгэрэх магадлал бага гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж эрдэмтэд мэдэгджээ.

“Хүний цусан дахь “КИМ-1” молекулын нягтралыг тогтоосноор хавдрыг эрт үед нь илрүүлэх хийгээд өвчтөний эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтой боллоо” гэж дээрх судалгааг явуулсан эрдэмтдийн нэг Девид Мюллер тэмдэглэсэн байна.

Бөөрний хорт хавдар нь Их Британид өндөр тархацтай хорт хавдруудын долдугаарт багтдаг ба өвчтнүүдийн тоо улам нэмэгдсээр байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг


Холбоотой сэдвүүд

бөөр цус хортхавдар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.