Бямба гарагт “Автомашингүй өдөр” тохионо

Жил бүрийн хавар, намрын улиралд нийслэл хотод “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү өдрийг энэ сарын 26-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна. Энэ өдөр 07:00-18:00 цагт Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Цэцэг төвөөс Цаг уурын уулзвар, Цаг уурын уулзвараас Төрийн ордон, "Чингис хаан" үндэсний музей, МУИС, ШУТИС, МУБИС-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир ярихдаа, “Энэ жилийн хувьд өдрийн үйл ажиллагааны үеэр хязгаарлалтын бүсчлэлийг багасгасан. Шөнийн марафоны 5, 10, 21 километрийн гүйлтийн үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах тул иргэд албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг уриалж байна” гэлээ.

Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болсон. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20:00-00:00 цагт зохион байгуулдаг гүйлтийн фестиваль юм. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн гурван чиглэлийн 24 тээврийн хэрэгслийн тухайн өдрийн маршрутыг 17:00 цагаас хойш өөрчилнө. Үүнээс гадна 14 дэх жилдээ зохион байгуулж буй “Автомашингүй өдөр”-өөр 07:00-18:00 цагт нийтийн тээврийн 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрутад түр хугацааны өөрчлөлт оруулах аж. 

Хязгаарлалтын бүсэд оршин суудаг иргэд урд өдөр нь автомашинаа тухайн бүсээс гаргахыг холбогдох мэргэжилтнүүд зөвлөлөө. Хязгаарласан бүсэд цахилгаан скүүтэр, мопед, суррон оруулахгүй аж.

Энэ өдөр томоохон зах, худалдааны төв хэвийн ажиллана. Өмнө нь томоохон захуудыг хаадаг байсныг энэ жил өөрчилжээ. Түүнчлэн Уртцагааныгэрэлт гудамжны тохижилт дуусаж байна. Тус бүсийг оройн цагаар иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгож байгаа аж. Авто замын хөдөлгөөнийг хааж байгаа нь иргэдийг дуу чимээгүй, агаарын бохирдолгүй тайван орчинд алхах, гүйх нөхцөлийг бүрдүүлж байгааг зохион байгуулагчид онцлов. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.