Ирэх бямба гарагт автомашингүй өдөр зохион байгуулна

П.Мөнгөнсор
09 сарын 21, 2023

“Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг ирэх бямба гарагт буюу есдүгээр сарын 23-нд 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийнэ

Автомашингүй өдрийг манай улс 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тус өдрийг  46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллах юм. Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө хэмээв.


12 зах, худалдааны төв ажиллахгүй

Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ.  

Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. 

Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчилнэ.

Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газар зургаан цэгт ажиллана. 

Тодруулбал, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм. 

Харин Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд, Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд, Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд ажиллаж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Мөн иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болохоос гадна төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна.


Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно

Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар мэдээлэл өглөө.


Автомашингүй өдрөөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Иймээс тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 42 чиглэлийн 326 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орж байна.

Холбоотой сэдвүүд

автомашингүй өдөр нийгэм

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.