УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа.

Тус хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

Хэлэлцээрийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан.

Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. 

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь байна" гэдгийг онцлов. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Я.Содбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ зуух солих нь утаа бууруулах шийдэл биш гэдгийг тодотгов. Мөн төслийн хөрөнгийг стандарт боловсруулах, ТЭЗҮ хийх зэрэг хөрөнгө шаардахгүй ажлуудад зарцуулсанд анхаарах шаардлагатай гэв. Түүнчлэн нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийх ажлын талаар тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хариултдаа, өмнө нь авсан 15 сая ам.долларын зээлээс 13.5 сая ам. доллар зарцуулагдсан. 2012-2016 онд 10.7 ам.доллар зарцуулагдсан бол 2016-2018 онд 2.8 сая ам.долларыг Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу дотоод агаарын чанарыг сайжруулахад анхаарч сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн байгуулагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, Дулаалга аянаа үргэлжлүүлэхэд зарцуулсан. Нэмэлт санхүүжилтийн хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын технологийг дэмжих чиглэлийн саналыг оруулаад байгаа" хэмээлээ.

Улмаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс