Ч.Хүрэлбаатар: Хорио цээрийн үед НДШ, татвараа төлөөгүй бол торгууль, алдангиас чөлөөлнө

Б.Баясгалан
02 сарын 28, 2020

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, коронавирусээс урьдчилсан сэргийлж буй өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр эдийн засгаа дэмжсэн ямар арга хэмжээ авах асуудлаар шийдвэр гаргажээ.

Шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эдийн засгийн асуудалтай холбоотой 9 заалт бүхий Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. 

- Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлох үйл ажиллагааг эрүүл ахуй, хорио цээр, ариутгал, халдваргүйжүүлэлтийн нөхцөл шаардлагыг хангаад эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал, ачааны машины жолооч нь комбинзан өмсөж, машиныг бүрэн ариутгаснаар хил нэвтрүүлж, хилээр нэвтэрсэн өдрөө буцаж орж ирэхээр зохицуулж ажиллах чиглэл өгсөн.

- Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй байх хуулийн зохицуулалтыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо. 

- Мөн дээрх хугацаанд татвараа төлж чадаагүй бол оногдох торгууль, алдангийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ.

- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Гэхдээ энэ нь түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчид хамаарна.

- Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол түүнийг нь татварын өртэй нийцүүлэн суутгах боломжийг бүрдүүлж байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Нэлээд олон хүн төсвийн тодотгол ярьж байна. Энэ үед улсын төсвийг тодотгохгүй гэдгийг дахин хэлье. Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориотой үед эдийн засгийн агшилт тодорхой хэмжээнд явагдаж байгаа. Энэ үед дээр нь нэмээд хөрөнгө оруулалтын ажлуудыг царцаана, зогсооно гэдэг эдийн засгийг идэвхжүүлэх хандлагатай байдаг учраас хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлээд хийнэ. 

Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрүүд нэгдүгээрт хэрэгжинэ. Үүнтэй уялдуулаад эдийн засгаа дэмжих бодлогыг зэрэг авч хэрэгжүүлнэ" хэмээлээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.