12-15 насны хүүхдээ вакцин хамруулахад мэдэж байх хэрэгтэй зүйлс

Б.Анхилам
06 сарын 30, 2021

Энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн Монгол улс 12-15 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн билээ. Тэгвэл үүний хүрээнд хүүхдэдээ вакцин хийлгэх эсэхэд эргэлзэж байгаа уншигчдадаа зориулан тухайн вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийг зорилоо.

БиоНТек үйлдвэрийн Файзер вакцин нь эхэндээ 16 болон түүнээс дээш насныханд хийхээр зөвшөөрөлтэйгөөр нийлүүлэгдэж эхэлсэн ч вакцинжуулалтын явцад улс орнууд бүх насны иргэдээ вакцинд хамруулах шаардлагын улмаас туршилт хийгдэж, 100 хувийн үр дүнтэй хамгаалдаг нь батлагдаж, насны хязгаар нь 12 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөгдсөн юм.


Тус вакцин бусад вакцины адилаар 21 хоногийн зайтай хоёр тунг хийлгэснээр дархлаа тогтсон гэж үзэх бөгөөд хоёр дахь тунг 6 долоо хоногоос хэтрүүлэлгүй хийлгэхийг зөвлөжээ.

Туршилтын хугацаанд Файзер вакцин 16 ба түүнээс дээш насныханд 95 хувийн дархлаа тогтоож байсан бол 12-15 насныхны дунд 100 хувийн дархлаа тогтоож байсан нь батлагдсан аж.


Вакцины хүүхдийн биед үзүүлэх нөлөө, хариу урвал нь насанд хүрэгчдийнхтэй адил. Тариур хатгасан газарт зовуурлах, ядрах, толгой өвдөх, хөлрөх, булчин өвдөх, халуурах, зөөлөн эд өвдөх гэх мэт нь хамгийн нийтлэг шинж тэмдэг. Гэхдээ эдгээр нь ердөө 1-3 хоногийн турш үргэлжлэх юм.


Вакцин хийлгэсний дараа хүүхэд эмчийн хяналтад 15-30 минут суух ёстой учир нь ямар нэг ноцтой хариу урвал үзүүлж байгаа эсэхийг тандахад нөлөөтэй. Учир нь хүүхдийн ужиг өвчин, харшил гэх зэрэгт харшлах тохиолдол гарч болох тул эхлээд хяналтын эмчтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй.


Түүнчлэн дээрх нийтлэг хариу урвалын үед ямар нэг өвчин намдаагч хэрэглэж болохгүй.

Найрлагын хувь тус вакцин нь насанд хүрэгчдэд хийгдэж байгаа Файзер вакцинаасаа огт ялгаагүй юм.


Нөхөн үржихүйн эрхтэн, эрүүл мэндийн тухайд энэ төрлийн вакцин нь ямар нэг сөрөг үр дагавартай гэсэн судалгаа одоогоор үгүй. Харин вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн заримд сарын тэмдгийн мөчлөг алдангитай ирэх тохиолдол байжээ. 


Эх сурвалж: Mayo Clinic

Холбоотой сэдвүүд

вакцин коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.