Б.Анхилам
06 сарын 29, 2021
Коронавирусийн уушгинд үзүүлэх нөлөө их бөгөөд энэ нь уушгины үрэвсэл, хүндэрсэн тохиолдлуудад амьсгалын замын цочмог хам шинж, цусан халдвар зэрэг болон өөр бусад урт хугацааны хүндрэл бүхий өвчлөлийг үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон.
Тэгвэл тэдгээр хүндрэлүүдийг тус бүрчлэн авч үзэцгээе.
Уушгинд үүсгэсэн гэмтэл нь хэдэн сараар үргэлжлэх уршигтай
Уушгины үрэвслийн үед хүний уушги шингэнээр дүүрч, үрэвсдэг ба энэ нь амьсгалахад хүндрэлтэй болгодог. Зарим хүний хувьд амьсгалахад хүндрэлтэй байдал нь маш ноцтой тохиож эмнэлгийн эмчилгээ, хүчилтөрөгч болоод уушги орлуулагч хэрэглэх нөхцөл ч үүсэж болно.
Уушгины үрэвсэл нь хоёр уушгинд хоёуланд илэрдэг. Уушгины уутанцар шингэнээр дүүрч, хүний биед хангалттай хэмжээний хүчилтөрөгч нийлүүлж чадахгүйд хүрч, амьсгал давчдах, ханиалгах болон бусад шинж тэмдгээр илэрнэ.
Бусад төрлийн уушгины өвчлөлийн адилаар ихэнх хүмүүс уушгины үрэвслээс ангижирч, эдгэрдэг ч коронавирустэй хавсарсан уушгины үрэвсэл ноцтой байж болно. Хэдий вирус таны биеийг өвчлүүлэхээ больсон ч уушгинд үүсгэсэн гэмтэл нь хэдэн сараар үргэлжлэх уршигтай байх нь ч бий.
Амьсгалын замын цочмог хам шинж өвчин үхэлд хүргэх аюултай
Уушгины үрэвслийн адилаар энэ тохиолдолд хүний уушгины уутанцар шингэнээр буюу уушгины жижиг судаснаас алдсан цусаар дүүрч, амьсгал давчдаж, улмаар амьсгалын замын цочмог хам шинж болж, уушги ажиллагаагүй болоход нөлөөлдөг. Амьсгалын замын цочмог хам шинжтэй өвчтөнүүд өөрсдөө бие даан амьсгалах чадваргүй болдог ба амьсгалын аппаратын тусламж хэрэг болдог.
Гэрийн тусгаарлалтад, эмнэлгийн эмчилгээнд гээд алин ч байсан амьсгалын замын цочмог хам шинж өвчин үхэлд хүргэх аюултай. Хэдий эмчилгээний үр дүнд эдгэрсэн ч уушгины сорвитой болох нь бий.
Эдгэрдэг өвчин ч гэлээ уршиг нь хэдэн сараар үргэлжилнэ
Коронавирусийн хүнд үед үүсэж болох өөр нэгэн уушгины хүндрэл бол уушгины цусан халдвар. Коронавирусийн халдвар хүний биед нэвтэрч, цусаар дамжин биеийн бүх л эд эсүүдэд гэмтэл учруулах үед цусан халдвар үүснэ.
Цусан халдварын үед дотоод эрхтнүүд хамтран ажиллаж чадахаа больдог. Үр дүнд нь дотор эрхтнүүд бүгд ажиллагаагүй болж, зүрх, уушги гээд нэг бүрчлэн хэвийн ажиллахаа болино. Эдгэрч болдог төрлийн өвчин ч гэлээ уршиг нь хэдэн сараар үргэлжилнэ.
Эдгээр өвчин нь коронавирусээр өвчилсөн хүн бүрд илрээд байхгүй ч ихэвчлэн тухайн хүний өвчний хэр зэрэг хүнд хөнгөн байгаа болон ерөнхий эрүүл мэндийн байдал, эмчилгээг хэрхэн хүлээж авч буйгаас хамаарч хор уршиг нь тогтоогдоно.
Гэсэн ч бүрэн эдгэрэх хүртэл хугацаа шаардах ба коронавирусийн цар тахал хумигдаж үгүй болсон ч үүгээр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг хэвийн байдалд нь эргэн оруулах цогц бодлого бүхий эмчилгээ шаардагдана гэдгийг ч санах хэрэгтэй.
Эх сурвалж: Johns Hopkins
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.