Брахманы хүү Сиддхарта эгэл ертөнцийн амьдралаас ангижирч гэгээрэлд хүрэхээр орон гэрээ орхин үнэний эрэлд гарчээ. Дотно найз Говиндотой ойд очиж Саманачуудтай бясалгал үйлдэн, мацаг барьж, сургаал сонсон өглөгөөр амьдрах болов. Өөрийгөө зовоон тэсвэр хатуужилд суралцах урлаг түүнд хүссэн зүйлий нь өгч чадсангүй. "Би"-гээсээ салж чадахгүй дутуугийн мэдрэмж түүнийг үргэлж зовоосоор. Нэгэн удаа гэгээрсэн Буддагийн тухай дуулж түүний сургаал номлолыг дагахаар найз Говиндотой хамт очив. Гэгээрсэн Гаутамагийн сургаал түүнд нөлөө үзүүлж чадсангүй. Найз нь Буддагийн шавь болохоор үлдэж, тэр үнэний эрэл хайгуул нь мухардсаныг үзээд хот руу орж дахин эгэл амьдралд хөл тавьжээ.

Хотын гоо бүсгүй Камалатай амраг сэтгэлийн холбоотой болж түүгээр хайрлах урлаг, тачаалын эрдмийг заалгав. Хотын баян худалдаачин Кавасмавитай түншлэн худалдаа наймааны арга заалгаж эд баялагийн эзэн болов. Хөл нүцгэн гуйлгачин байсан Сиддхарта одоо хөрөнгө чинээлэг болж дууч эмсээр хүрээлүүлэн, дарс ууж мансууран, мөрийтэй тоглож, худалдаа наймааны од нь гийж байсан нь ч сэтгэл нь улам хоосорсоор, дахин давтагдах чөтгөрийн тойрогт орсоноо ухаарчээ. Ахиад л бүх юмыг эхнээс нь эхлэх үү?

Анх завинд сууж гол гаталсан голын эрэг дээрээ дахин очив. Хүсэл мөрөөдөл нь нурж, эрэл нь мухардсан тэрээр ядуу завьчины туслах болохоор шийджээ. Завьчин түүнд голын дуу хоолойг сонсож, голын нууцаас суралцахыг зөвлөв. Гол цаг ямагт тасралтгүй урссаар байвч үргэлж эндээ, үргэлж шинэ хэвээрээ байх нь гайхамшиг! Гол хэзээ нэгэн цагт ширгэж, чулуу нь шороо болон хувирч түүнээс ургамал, амьтан үүснэ. Ганцхан чулуунд л хорвоогийн бүх юм өнгөрсөн, одоо, ирээдүй агуулагдаж байна. Тиймээс тэр чулуу хэчнээн үнэ цэнтэй болохыг ухаарч, хувирч өөрчлөгдөхий нь хүлээх биш одоо байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Гарцаагүй хэрэгтэй зүйлээ л мэддэг бодол-үгүй амьдарч сурсан завьчин гэгээрсэн хүн байжээ. Гайхалтай биш гэж үү!!!

Сиддхарта өнчин хүүдээ сургаал номлол заахыг хүссэнгүй, өөрийнхөө хүссэн замаар явж өөрөө үнэнийг олог хэмээн оргож зугтахад нь саад хийсэнгүй. Сургаал номлол, эрдэм мэдлэгээр гэгээрэлд хүрэхгүй. Сургаал гэдэг хэн нэгний зохиосон хоосон үхмэл үгнүүд, түүнд өнгө, үнэр, амт, дуу чимээ байхгүй. Навчис нь сэрчигнэх мододын анхилам үнэр, зөгий төөрөм цэцэгсийн алаглах өнгө, харгитан шуугин урсах голын дуу чимээ амьд бөгөөд чи тэдэнтэй нэгэн цул болж гэмээ нь амьдралын нууцыг таньж чадна. Лаоз мэргэний Даогийн сургаал, Зэнгийн мастер Бодидармагийн туулсан зам мөр үнэний эрэл хайгуул мэт санагдана.

Нүгэлтний сэтгэл дотроо өршөөлийг агуулна, буянтаны гэгээн дүр төрх дотроо сэтгэлийн буртагийг тээнэ. Цорын ганц, туйлын үнэн гэж үгүй, тэр бүхэн дотроо төөрөгдлийг агуулж байгаа. Ертөнц өөрөө сайн муутайгаа нийлж сав дүүрч нэгэн цул бүхэл атал хүн түүнийг таллан хувааж зааг ялгаа гаргана гэдэг байж боломгүй. Хүн цорын ганц дахин давтагдашгүй бодгаль учир чи үнэний зам мөрөө өөрөө эрж хайх ёстой. Залуу хүн бусдаас суралцах биш өөрийнхөө алдаанаас суралцаж өөрөө өөрийгөө олох ёстой. Энэ бол цор ганц чиний үнэний зам мөр. Хүн болгоны зүрх сэтгэлд будда бий, гэгээрэлд хүрэх зам бий. Ямар нэгэн шат дамжлага, хэн нэгний заавар зөвлөгөө хэрэггүй. Мэдлэгт хүлэгдэх хэрэггүй, гарцаагүй хэрэгтэй гэсэн зүйлээ л мэдэж ав. Сиддхартагийн туулсан зам ийм юм. Өгч байгаа мессэж нь "Чи өөрөө өөртөө Будда" .