Нийтэд нэгэнт тарж түгсэн юмыг түгээмэл зүйл гэнэ.

Жишээ нь, түгээмэл арга - олон нийтэд дэлгэрсэн, түгсэн арга. Түгээмэл зүйл - олон нийтийн дунд түгсэн зүйл, тархсан зүйл. Түгээмэл өвчин - нийтэд элбэг тохиолддог өвчин. Түгээмэл түүх - нийтэд, ард түмэнд хамаарагдах түүх. Түгээмэл үзэгдэл - өргөн дэлгэр байдаг үзэгдэл, олон тохиолддог үзэгдэл. Түгээмэл чанар - алив үзэгдэл юмсад нийтлэг байдаг чанар. Түгээмэл явдал - олон тохиолддог явдал, байдаг л явдал, гардаг л явдал. Түгээмэл холбоо - бүх нийтийн холбоо. Хотол түгээмэл - бүхнийг хамарсан гэх мэт.

Жил жилийн номын яармаг худалдааг бүх уншигч хүлээдэг. Зохиолчийн гарын үсгээс гадна дэлгүүрийн шимтгэлгүй хямд авдаг болоод тэр. 

Гэхдээ номын үнийн талаар хөөрхөн хөөрхөн асуудал гарна. Ховор ном мэдээж үнэтэй. Зарим хуучин ном ч ялгаагүй. Социализмд хэвлэгдсэн номын хавтасны арынх нь үнийг үржүүлж хуваагаад зогсох хүн ч таарна. “Тийм зузаан мөртөө ийм хямдхан” гэдэг шивнээ, “нимгэхэн байж яасан үнэтэй юм” гэдэг хэрүүл ч сонсоно. Харин “Бүх ном 1000 ₮” гэсэн пайзтай лангуу хөл тавих зайгүй өнждөг. Ном эрдэм мэдлэгийн эх ундарга ч гэлээ бараа л болсон хойно зах зээлийн жам ёсыг тойрохгүй. 

Ном анхандаа асар үнэтэй бүтээгдэхүүн байв. И.Гүтэнберг хэвлэх төхөөрөмж бүтээснээс хойш тасралтгүй хямдарсаар өнөөдрийг хүрэхдээ бүр баригдах биеэ ч гээлээ. 

Энэ зуурт ном хэмээх бүтээгдэхүүн сайхан, сайн, шилдэг, уншууртай, ховор гэхчлэнгээр цоллуулж явжээ. 1889 онд Америкийн Канзас хотын The Kansas times & star сонин best seller буюу шилдэг борлуулалттай гэдэг цоо шинэ категори гаргаж ирэв. Хэвлэгдсэн дороо уншигчдын хараанд өртөж, богино хугацаанд олноор зарагдвал тэр бэстсэллэр. Томоохон тогтмол хэвлэлүүд бэстсэллэр зарладаг уламжлал өнөө тогтжээ. Ингэхдээ долоо хоногт зарагдсан тоог шалгуур болгодог ч хэдэн ширхэг гэдэг нь харилцан адилгүй. Ухаан нь, Их Британи долоо хоногт 4 000, Канад 5 000 ба түүнээс дээш гэх мэт босготой. Хүн амын тоо, англи хэлний түгээмэл байдлыг харгалзвал тийм ч өндөр шалгуур биш. Энэ категорийн анхдагчийг Жан Жак Руссогийн Юлия буюу шинэ Элуаз гэх нь бий.

Монголын номын дэлгүүрүүд XXI зуунаас тус тусынхаа бэстсэллэрийг шалгаруулж эхэлсэн. Манайд шинэ ном эхний долоо хоногтоо 100 ширхэг зарагдвал том амжилт.


Чамлах тоо огтоос биш. Социализмын үед төрийн хатуу хяналтын дор жилдээ цөөн нэрийн номыг дээд тал нь 15 мянга хүртэл хувиар хэвлэдэг байсан. Харанхуй ангал зэрэг эрэл сурал болсон ном гарч байсан ч бэстсэллэр гэдэгтэй хавирахгүй.

Монголчуудыг 1912 онд шахаанд оруулсан Оросын дипломатч И.Я.Коростовец Хүрээнд өнгөрүүлсэн тэмдэглэлдээ нэгэн сонирхолтой баримт бичиж үлдээжээ. Оросын консулын дэргэдэх Орос-Монгол хэвлэлийн хороо Жамсрангийн Цэвээний орчуулгаар Л.Толстойн Сиддарта хэмээх Буддагийн намтар номыг хэвлэсэн нь өдөртөө зарагдаад, даруй дамд гарчээ. Энэ бол монгол бэстсэллэрийн анхны жишээ.

Мөн most popular буюу машид түгээмэл ном гэж бий. Анх хэвлэгдсэн цагаасаа хойш он жилүүдийг туулан зах зээлийн эрэлтээр ахин дахин тогтмол хэвлэгдсэн гэсэн үг. Гэхдээ сурах бичиг, комикс хоёр тооцогдохгүй. Энэ ангиллыг шашны хөлгөн судрууд магнайлдаг. Библи зүй ёсоор өнөөг хүртэлх машид түгээмэл номд тооцогдоно. Гиннес 1995 онд Библийг таван тэрбум хувь хэвлэгдсэн гэдэг тооцоо хийжээ. Түүнчлэн дарангуйлагч нарын “титэм үг” машид түгээмэл номын жагсаалтад орчихдог талтай. Төлөөлөгч Мао Зэдуны эшлэл буюу Маогийн улаан ном болон бусад бүтээлийнх нь түүвэр 800 саяас 6.5 тэрбум ширхэг хэвлэгдсэн гэдэг тоо бий. Гол шалгуур нь цаг хугацаанаас үл хамааран нийт хэвлэгдсэн тоо юм. Дэлхий хавтгай болж хүн төрөлхтөн үнэт зүйл, соёлоороо ижилсэх хэрээр нэг номыг олон хэлээр хэдэнтээ хэвлэх болсноор машид түгээмэл ном гэдэг ойлголт тэллээ. Хамгийн сүүлийн жишээ нь 80 хэлээр орчуулагдсан Харри Поттер цуврал.

Энэ онд 16 дахь жилтэйгээ золгосон Нэпко хэвлэлийн газар нярав, нягтлангийнхаа тайлан тооцоог үндэслэн өөрийн гурван түгээмэл номыг тодорхойллоо.

  1. Нэгт, Баабарын 1996 онд анх хэвлүүлсэн Монголын түүх:Нүүдэл суудал. Арав гаруй удаа хэвлэгдэхдээ, 2006 он, 2016 онуудад шинэчлэгдэн засварлагдаж хэвлэгдсэн. Гадаадын хэд хэдэн оронд олон хэлээр хэвлэгдсэн эрэмбээрээ Монголын нууц товчооны дараа орж байна. Хамгийн сүүлчийн нэмэлттэй хувилбар нь 2021 онд гарч Англи Франц хэл дээр орчуулагдан 2023 онд дэлхийд гарахаар бэлтгэгдэж байгаа ажээ. Жуулчдад зориулсан зурагт хувилбар, оффис ширээний онцгой тансаг дөрвөн боть, limited edition 108 ширхэг, нэгтгэсэн улаан хайрцагт, зэрэг хэвлэлийн өөр өөр формат, загвараар нийтдээ 70-80 мянга ширхэг хэвлэгдсэн байна.
  2. Удаах нь, П.Бадралын Агнистын гэгээ. Анх 2008 онд дөрвөн дэвтрээр гарч, дахин хэвлэгдэх тоолондоо нэг нэгээр нэмэгдсээр өнөөдөр 25 дэвтэр бүхий багц болж, өнөөдрийг хүртэл 20 мянган ширхэг хайрцаг буюу багц зарагджээ.
  3. Отгон нь Л.Оюун-Эрдэнийн Азийн хүлэг улс-Алсын хараа-2050 гурамсал. Зохиогч 25 насандаа Алсын хараа-гаа бичсэн бол 35-тайдаа Азийн хүлэг улс номоо хэвлүүлжээ. Харин Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Монгол Улсын хөгжлийн бодлогын хэтийн төлөвийг зурагласан 2050 номоо эрдэмтэн, судлаачдын багтай хамтран бүтээжээ. Жирийн уншигч нарт төдийлөн танил бус ч төрийн албан хаагчид тогтмол ашигладаг, Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрт багтсан гурамсан бүтээл машид түгээмэл номын тоонд зүй ёсоор орлоо.

Өөр нэг ерөнхий сайдын ном айргийн тавд багтав. С.Баярын Жаран хоног, жарны бутархай. Гарсан дороо дөрөв дахин хэвлэгдсэн ч борлогдсон тоо нь дутав.

Нэпко хэвлэлийн газар ирэх өдрүүдэд Түгээмэл ном аян өрнүүлж, номын зохиогч нарыг уншигчидтай нь онлайнаар холбож, бүтээл тус бүрийн түүхийг хүргэнэ. Түгээмэл гэрэлт нар тив дэлхийг гийгүүлнэ түмэн ачит ном ард олныг гийгүүлнэ хэмээн монголчууд ярьдаг билээ.