Чингис хаан Үндэсний музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, шинэ үзмэрээр баяжуулах дэглэлтийн ажил үргэлжилж байгаа аж.

Энэ хүрээнд музейн 9-р давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6,3 метр өргөн, 7 метр урт хэмжээтэй Чингис хааны шүтээн барималыг суурилуулах, заслын ажил музейн төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Ингэснээр 9-р давхарт "Ёслол хүндэтгэлийн танхим" нээгдэх юм.  

Түүнчлэн эртний нийслэл Хархорумд сүндэрлэж байсан "Мөнгөн мод"-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20-р зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8х8 метр хэмжээтэй сүмийн хийцлэл, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтарыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж байна.    

Эдгээр бүтээн байгуулалын ажлыг хийж, давхар бүрд шинэ үзмэрээр баяжуулах дэглэлт хийж гүйцэтгэсний дараа Чингис хааны мэндэлсэн өдөр болох өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 11-р сарын 14-ний өдөр музейг дахин нээхээр болжээ.