Монголын рок попын ууган хамтлаг "Чингис хаан" 1999 онд "XX зуун" тоглолтоо хийснээс хойш 24 жилийн дараа "XXI зуун" тоглолтоо 9-р сарын 16-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Чингис хаан хамтлаг өнгөрсөн хугацаанд олон арга хэмжээ, тоглолтод оролцож байсан ч 24 жилийн өмнөх шигээ гурав хоног үргэлжилсэн том хэмжээний тоглолт зохион байгуулж байсангүй. Иймээс энэ удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч, фэнүүдтэйгээ уулзах гэж байна.

Чингис хаан хамтлаг 1989 онд байгуулагдсан цагаасаа эхлэн "Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч" дуугаар уран бүтээлийн гараагаа эхэлж, дуулсан дуу бүхнээрээ олон нийтийг байлдан дагуулж чадсан.

Шилийн богд, Чингисийн баатрууд, Нүдэн охин, Тамирчны ялалт хямдхан олдоогүй, Харийн нутаг давчдаад байна, Баяртай хуучин он минь баяртай, Нарлаг Монгол зэрэг олон дуу нь Монголчуудын сэтгэл, зүрхэнд хоногшсон юм. 


Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан: 

Нэгэн оройг хамтдаа дуу хөгжмийн баяр болгон тэмдэглэе гэж бодож байна. Энэ тоглолтод Монголын рок попын үе үеийн авьяаслаг хөгжимчид, дуучид ая дуугаа өргөнө. Бид XX зуун - XXI зуун гэсэн хоёр зууныг дамнан ажиллаж, амьдарч, сурч хөгжиж байгаа үнэхээр азтай үеийнхэн. XX зуунд зохиогдож дуулагдсан дуу XXI зуунд хэрхэн эгшиглэх нь хүмүүст бас сонин байгаа болов уу. Бидний амьд тоглолт үе үеийн залуусын дурсамжийг сэдрээж, нэгэн үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Өвөрмонголоос л гэхэд олон хүн ирнэ гэж ярьсан. Энэ бол дуу хөгжим хил хязгааргүй гэдгийг харуулж байгаа юм. Та бүхнийг  9-р сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд урьж байна. 

    Чингис хаан хамтлаг өөрийн уран бүтээлийн сангаасаа 35 дууг сонгож дуулна. Энэ дунд хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы өөрийнх нь зохиосон, гэхдээ өмнө нь дуулж байгаагүй хоёр дуу багтсан байна. 

Мөн тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа, С.Наран, мөн хамтлаг дуучдаас Соёл-Эрдэнэ, Өргөө, Айзам, Хар сарнай, Никитон, Guys, Сүнс, Киви зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх юм. 

Харин тоглолтын найруулгыг "On and off" продакшн хийнэ. 

Үзэгчдийг 16 цагт Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхлэх бөгөөд 17:30 цагт урилгаар ирсэн уран бүтээлчид дуугаа дуулах юм байна. 

Дараа нь тоглолт Чингис хаан хамтлагийн уран бүтээлээр үргэлжлэн 12:00 цагт өндөрлөнө.

Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар борлуулахаас гадна Улсын их дэлгүүр, Зайсангийн танктай хөшөө, Нарантуул зах зэрэг хэд хэдэн цэгт худалдаалах юм байна. Тасалбарыг өнөөдөр 39000 төгрөгөөр худалдаалах бол үүнээс хойш 59000 төгрөгөөр борлуулна. Мөн 1900-1950 утсаар холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой.

Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан:
-1997 онд Пентатоникийн дээд шагнал болох “Монголын Рок урлагийн шилдэг дуучин”
-1998 онд “Монгол Улсын Гавьяат Жүжигчин” шагнал
-2000 онд Олимпын хорооны дээд шагнал “Алтан очир” шагнал
-2005 онд Hi-Fi records-ийн “Алтан цомог” шагнал
-2007 онд “Төрсөн өдрийн дуу”, “18 нас минь”, “Харийн нутагт давчдаад байна” зэрэг дуунуудыг нь үнэт бүтээл
хэмээн үзэж “Монголын алтан дуу” шагнал
-2018 онд “Монголын зохиолчдын эвлэлийн шагнал”
-2021 онд “Монгол Улсын Ардын Жүжигчин” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байв.