Зарим сургуулийн багш нар хичээлийн шинэ жил эхэлсэн өдрөөс цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаялт зарлаад байна. Засгийн газар өнгөрсөн 8 дугаар сард төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэлх хувиар нэмж, энэ сараас олгохоор шийдвэрлэсэн. Гэвч багш нар цалингийн нэмэгдлийг бага байна гэж үзэн ажил хаяж буй юм.

Үүнтэй хүлбоотойгоор УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа "У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. 

Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон олон асуудлыг шийдэх боломж байсан. Засгийн газар 9 дүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. 

Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана аа гэдэгт итгэж байна" хэмээн нийтлэжээ.