УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болж шүүхээс түүнийг хүчингийн гэх хоёр хэрэгт холбогдуулан хоёр жилийн ял оноосон билээ. 

Уг хэргийн хохирогч 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа уг асуудал дээр өөрийн фэйсбүүкээр дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Би худлаа яриагүй. Би хэнийг ч гүтгээгүй. Үүнийгээ шүүхээр нотлуулчихлаа. Д. Гантулгын хийсэн хэргүүдэд яллахдаа хуулийн хамгийн багаар 2 жилээр хорих ял тогтоов. Гэсэн ч гэм буруутайг нотоллоо. Дүү бид хоёр өнгөрсөн 2 жил гаран хугацаанд там шиг амьдрал дундуур туучаад гарлаа. Бас гэр бүл минь. Ирсэн мэс шиг үг бүхэнд зүсүүлж явсан зүрх минь одоо баярлаж байгаа гуниглаж байгаа хоёроо ялгахгүй дэнсэлж байна. Үйлдсэн үйлийн үрээ үүрч яваа тэр хүнийг үзэн ядаж явлаа. Эхийгээ алдсанг нь сонсоод өрөвдөж ч суулаа. Одоо мартахыг хүсч байна. Бас уучилж чөлөөлөгдөхийг хүсч байна. Бид хоёр чадсан. Эцсийг нь хүртэл тэмцсэн. Хэн юу гэхээс айгаагүй дээ биш, шаналаагүй дээ биш. Айж, шаналж, зовж, уйлж, нойргүй хонож, бүх зүйл утгагүй санагдах хүртэл ад үзэгдэж бүгдийг туулсан. Гэхдээ өөрийнхөө үзэл бодол үнэт зүйлийнхээ төлөө эцсээ хүртэл зогссон. Өөрийгөө хуураагүй, өөрөөсөө урваагүй. Өмгөөлөл хийсэн Веритас Партнерсын залууст баярлалаа. Олон хуульд өөрчлөлт оруулсан. Мэргэжлийн түвшинд ажилласан. Амархан байгаагүй.Бид хоёртой хамт байсан бүх хүнд баярлалаа. Маш их" хэмээн бичжээ.