УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар санал хурааж УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн билээ. Тэрбээр уг асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ "Энэ бол улс төрийн захиалга. Залуу улстөрчдийг замаасаа зайлуулдаг ээлжит гүтгэлгийн бай нь би. Улс төрийн ажил зөвхөн УИХ-ын танхимд үргэлжилдэггүй" гэсэн юм.

Харин хохирогч гэгдээд буй 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа уг асуудал дээр өөрийн фэйсбүүкээр дамжуулан сэтгэл санаагаар дэмжиж ирсэн хүмүүстээ талархал илэрхийлсэн байна.

Сэтгэлийн дэм, урам зориг өгч байсан олон түмэндээ гэр бүлийнхээ зүгээс маш их баярлалаа

Тэрбээр "Дүү бид хоёрыг үргэлж дэмжиж, сэтгэлийн дэм, урам зориг өгч байсан олон түмэндээ гэр бүлийнхээ зүгээс маш их баярласнаа илэрхийлж байна. Та бүхний дэмжлэггүйгээр бид хоёр өнөөдрийг тэсч тэвчиж чадахгүй байсан. Том давааны ард гарлаа. Хэдий жагсаал цуглаан хийгээгүй ч сошиал болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын тусаар өнөөдөр хуультай улсад амьдарч байгаагаа мэдэрлээ. Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж ирсэн сэтгүүлч нартаа баярлалаа. 

Зарим өмгөөлөгчид бид хоёрт эргэлзэж, татгалзаж байсан цаг үед бид хоёрыг хүлээж авч өнөөдрийг хүртэл хуулийн дэмжлэг үзүүлж, зөвхөн итгэл үнэмшил үнэт зүйлээрээ өмгөөлж байгаа  #VeritasPartners хуулийн фирмийн өмгөөлөгч нартаа баярлалаа. 

Хууль ёсыг дээдлэн, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн ажилласан байцаагч, прокурор нарт баярлалаа. Хэрэг хаагдсаар хаашаа хандахаа мэдэхгүй эрүүгийн хэрэг үүсгэн иргэний эрхээ эдлэх боломжийг олгосон Улсын ерөнхий прокурорын байгууллагад баярлалаа 

УИХ-ын индэр дээр эгэл жирийн хоёр охины эрхийн төлөө дуугарч, хуулийн өмнө эрх тэгш зогсох нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн М.Энх Амгалан Ерөнхий прокурорт баярлалаа. 

Итгэж дэм өгч хамтдаа тэмцэж ирсэн олон түмнийхээ итгэлийг дааж гарна аа. Хэрэг хууль ёсны дагуу одоо л эхэлж байх шиг байна.  Ахин хэзээ ч хэний ч охин үр, бүсгүй хүн ийм хатуу бэрх замыг бүү туулаасай гэж хүсч байна.