Peak.mn
05 сарын 30, 2023
Цар тахлаас хойш гурван жил завсарласан “Computex 2023” технологийн үзэсгэлэн Тайванийн Тайбэй хотод эхэллээ. Манай PEAK.mn сайтын сурвалжлах баг энэхүү үзэсгэлэнгээс сурвалжилга бэлтгэн, уншигч та бүхэндээ технологийн хөгжлийн сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллийг хүргэж байна.
“Computex” үзэсгэлэн 41 жилийн өмнө анх зохион байгуулагдсан түүхтэй.
Технологийн салбарын томоохон үйлдвэрлэгчид, экспертүүд төдийгүй сонирхогчид цуглардаг энэхүү арга хэмжээний үеэр дэлхийн томоохон компаниуд хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг санал болгож, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцдэг уламжлалтай.
Энэ удаагийн арга хэмжээ нь сүүлийн гурван жил хурдацтай өөрчлөгдсөн технологийн шинэ трендүүд буюу зургаан дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Тодруулбал, супер хүчин чадалтай компьютерүүд, хиймэл оюун ухааны хэрэглээ, харилцаа холбооны дараагийн шилжилт, инновац болон гарааны компаниуд, тоглоомын ертөнц ба бодит амьдрал, тогтвортой хөгжилд оруулж буй технологийн компаниудын хувь нэмэр зэрэг сэдвийг онцолжээ.
Нийт 26 орны технологиороо тэргүүлэгч 1000 гаруй компани шилдэг, шинэ, инновацын үүцээ задалж буй тус үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч TAITRA-ийн ТУЗ-ийн дарга Жэймс Хуан хэлэхдээ “Computex зохион байгуулагдсан 40 жилийн хугацаанд хүн төрөлхтний технологи асар хурдацтай өөрчлөгдөж, улмаар өнөөдрийн дижитал эдийн засаг бий болох хүртэл хөгжжээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох сэдэв бол яах аргагүй бидний төсөөлснөөс ч илүү хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан юм” гэв.
“Computex 2023”-ын уур амьсгал тэр чигтээ дэлхийн технологийн асар хурдацтай хөгжлийг мэдрүүлж байна.
Үзэсгэлэнгийн үүдээр ороход хиймэл оюун ухааны датабаз буюу ChatGPT-тэй холбогдсон ази төрхтэй модель ирсэн зочид, төлөөлөгчидтэй мэндэлж байлаа. Өндрөөрөө хүнтэй эн зэрэгцэх тэрээр хүссэн асуултад гурван секундийн дотор л хариулах аж.
Үзэсгэлэнгийн танхим руу ирэх замд зөөлөн бороо шивэрч байлаа. Бид түүнээс “Өнөөдөр бороо орох уу?” гэж асуувал “Гадаа бороо орж байна. Гэхдээ битгий гуниглаарай” гэж хошигнохоо тэр мартсангүй.
Хүнтэй адил бодож сэтгэж, хүссэнээ найрсаг гэгч нь илэрхийлж буй түүний чадварыг хараад хиймэл оюун ухааны хөгжил энэ түвшинд хүрсэнд өөрийн эрхгүй гайхахын зэрэгцээ айдас төрснийг нуух юун.
Энэ мэт хиймэл оюунд суурилсан технологиудаас өөр нэгэн онцлууштай шийдэл нь робот зөөгч байлаа. Зөөгч роботууд хэрэглээнд хэдийнээ нэвтэрсэн. Хиймэл оюун ухаанд суурилсан учраас тэд хэрэглэгчтэй ярилцаж, санаа бодлыг нь сонсож, ойлгодог.
Жишээ нь, робот ярилцаж буй хүнийхээ нүүрний хувирал, хоолойн өнгийг таньж, тухайн хүний сэтгэл санааны байдал, өвчний мэдээлэл, юу хүсэж байгааг нь төвөггүй ойлгоно. Нэмээд төрсөн өдөр нь болж буй нэгэнд төрсөн өдрийн дуу дуулж өгөх цэстэй.
Энэ роботыг ресторан, зоогийн газар, эмнэлэг, жижиг худалдааны төвүүд зэргээр хаана ч хэрэглэх боломжтойгоороо давуу талтайг зохион байгуулагчид онцолсон юм.
Талархсанаа илэрхийлж, толгойг нь илэх үед дэлгэцэн дээр инээмсэглэж буй өхөөрдөм сэтгэл хөдлөлөө харуулна. Энэ төрлийн роботууд олон байдаг байна.
Манай PEAK.MN сайтын сурвалжлах баг гарааны бизнесүүдийн хэсэгт зочилсон юм. Энэ хэсэгт 22 улсын 400 гаруй технологийн компани бизнесээ танилцуулж, хөрөнгө оруулалт татахаар зорин ирсэн байв. Тэдний нэг нь Тайваньд ухаалаг лифтний систем хөгжүүлж буй “Owlsome Tech” компани юм.
Рожер Чаны үүсгэн байгуулсан энэхүү хиймэл оюунд суурилсан лифтний систем өдгөө хэрэглээнд нэвтэрч, эмнэлэг, супермаркетуудад ашиглаж эхэлжээ. Ухаалаг учраас олон шинэлэг шийдэлтэй. Тухайлбал, Тайванийн газар хөдлөлтийн системтэй автоматаар холбогдсон тул газар хөдлөх, шуурга болохын өмнө зорчигчдодоо мэдээлэл өгч, хүмүүсээ буулгадаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бусад дата мэдээллийн сангуудтай холбогдож, мэдээллээр хангадаг байна.
Интернэттэй, хоолой таних системтэй учраас тухайн хүн заавал лифтний товчлуур дээр дарах шаардлагагүйгээр буух давхраа хэлж, лифтийг ашиглах тохиргоотой. Иймээс энэхүү шийдлийн бизнесийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд ээлтэй хэмээн үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэхээр зэхэж буй ажээ.
Энэхүү ухаалаг системийн хөгжүүлэлтийг Тайбэй хотын захиргаанаас дэмжин ажиллаж байгаа талаар Рожер онцоллоо. Үүн шиг хиймэл оюунд суурилсан, иргэддээ ээлтэй шинэлэг санаануудыг Тайбэй хот бодлогоор дэмжин ажилладаг байна. Энэ жил гэхэд гарааны бизнесүүдийг бойжуулах хөтөлбөртөө 14 компанийг сонгон авчээ.
Тэдний нэг нь Тэйбэйн Технологийн их сургуулийн оюутнуудын хөгжүүлсэн жолоочийн нүүрний хувирал таних систем юм.
Машины шилний доор байрлуулах энэ жижиг хар төхөөрөмж хоёр талдаа камертай. Жолооч руу харсан камер нь машин барьж буй хүний нүүрний хувирлыг уншиж, ядарсан, нойрмоглосон, өвдсөн царай гаргавал жолоочид анхааруулах дохио өгдөг аж. Харин зам руу харсан камер нь бусад машинууд хэр хол зайд явж буйг заадаг байна.
Энэ бүхний эцсийн зорилго зөвхөн хүний төлөө чиглэжээ.
Qualcomm-ын ахлах дэд ерөнхийлөгч ба ерөнхий менежер Кедар Кондап цар тахлаас хойш цахим төхөөрөмж, гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг улам нэмэгдсээр байгааг онцоллоо.
Сүүлийн зургаан сарын хугацаанд гэхэд дэлхий даяар хүмүүс хоногт дунджаар 6.5 цагийг онлайнд өнгөрүүлсний 2.8 цаг орчмыг компьютерт зориулсан байна.
Кедар Кондап “Яг одоо AI-ийн тэсрэлт болж, хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралд хүчтэй нөлөө үзүүлж байна” гэв. Жишээ нь, chat GPT олон нийтийн хэрэглээнд нэвтэрснээс хойш хоёр сар хүрэхгүй хугацаанд дэлхий даяар 100 сая хэрэглэгчтэй болж, AI-д суурилсан 4000 гаруй аппликейшн идэвхтэй ашиглагдаж байгаа нь аппликейшний түүхэнд хамгийн хурдан өсөлт үзүүлсэн бүтээгэдэхүүн болжээ. Нэг сая хэрэглэгчтэй болохын тулд NETFLIX 3.5 жил зүтгэсэн бол Твиттер хоёр жил зарцуулсан. Харин ChatGPT ердөө 5 л хоножээ.
Chat GPT- Generative Pre-Trained Transformer. Товчхондоо асуултад өгөгдөлд хадгалагдаж байгаа бүх агуулгыг боловсруулан бэлтгээд, тохирох хариултыг өгөх үүрэгтэй компьютер юм.
Ai шийдэл гаргаснаар snapdragon процессорын хурд тав дахин нэмэгдсэн. Улмаар маш бага цахилгаан зарцуулж, нөүтбүүк хэт халахгүйгээр, баттерей цэнэгээ шавхахгүйгээр хангалтай ажиллах боломж бүрдэх юм. Энэ бүхнээс харахад ирээдүйд AI хөгжлийн цаашдын чиг хандлага нь үүлэн технологи, компьютер device хослуулж ашиглах нь үр дүнтэй байх юм.
Компьютер ердийн холболт харьцангуй цөөн хүмүүс, гар утас зэргийг хооронд холбож хязгаарлагдаж байсан бол үүлэн технологи, ухаалаг төхөөрөмжүүдийг хиймэл оюун ухаанаас холбосноор тэдгээрийн хүчин чадлыг илүү үр дүнтэйгээр бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх юм. Үүний үр дүнд өртөг, цахилгааныг хэмнэж, компьютерийн гүйцэтгэлийг сайжруулна.
Тайванийн хувьд чип үйлдвэрлэл, технологийн судалгаа болон хөгжүүлэлт дээр тэргүүлэгч улс юм. Тиймээс технологийн шилдэг компаниуд Тайваньд байрладаг. Тус улс дэлхийн чипний хэрэглээний 60 хувийг үйлдвэрлэж, ханган нийлүүлдэг гол тоглогчийн нэг бөгөөд үүний ард 115 тэрбум ам.доллар эргэлддэг зах зээл бий. Энэ нь өөрөө технологийн гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, цаашлаад олон улсад гарах боломжийг нээж өгөх гүүр болдог байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.