Олон нийтийн арга хэмжээ болон жүжгийн тоглолтод оролцсон хүмүүсээс коронавирусийн тохиолдол олноор илэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийлээ.  

Мэдээллийн үеэр Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Улсын драмын эрдмийн театрт болсон "Анна Каренина" жүжигт оролцсон 54 хүнээс коронавирус илэрсэн байна. 

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны дараах цагаалгад оролцсон хүмүүс болон тэдгээрийн ойр тойрноос 37 хүнээс коронавирус илэрсэн.

Мөн хороолол захад ажилладаг худалдагчид болон тэдгээрийн ойр тойрны 15 хүнээс коронавирус илэрч, халдварын тохиолдлууд нэмэгдэж байна.

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тоглогдох тоглолт, олон нийтийн арга хэмжээнүүдийг хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах саналыг НОК-оос УОК-т хүргүүлж байна" хэмээлээ.

Мөн тэрээр иргэдийг хайртаа хүмүүсээ хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг анхааруулж, "Мартын 8"-ыг олон хүн цуглуулж, өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг уриаллаа.

Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Засгийн газар маргааш 09:00 цагт ээлжит бусаар хуралдахаар товлосон байна.