ОСАКА. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосын цэрэггүй бүсэд уулзах саналыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд тавьжээ.


Д.Трамп Японы Осака хотод "Их 20"-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцсоны дараа БНСУ-д айлчлах юм. Тэрбээр Сөүл хотод бямба гарагт хүрэлцэн очно. 


АНУ-ын Ерөнхийлөгч "Твиттер" хуудсандаа нийтлэхдээ, Си Жиньпин тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийсний дараа би БНСУ-ыг зорино. Хэрэв удирдагч Ким Жөн Ун үүнийг харж байвал, түүнтэй цэрэггүй бүсэд уулзаж, гар барин мэндчилмээр байна гэжээ. "Хэрэв тэрбээр цэрэггүй бүсэд ирвэл хоёр минут л хангалттай" гэж Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Д.Трамп 2017 оны 11 дүгээр сард цэрэггүй бүсэд гэнэтийн айлчлал хийхээр төлөвлөж байсан боловч цаг агаар муудсаны улмаас төлөвлөгөөгөө цуцалж байжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Ханой хотноо зохион байгуулсан АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдал орсон хэдий ч энэ сард Д.Трамп, Ким Жөн Ун нар харилцан захидал солилцсон билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг