ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо АНУ-ын Ерөнхийлөгчтэй Дональд Трамптай баасан гарагт уулзах үеэрээ хоёр талын харилцаа холбоо хүчирхэгжин бэхэжсээр байгааг онцолсон байна. 

Хоёр орны удирдагчид сүүлийн гурван сар дараалан уулзсаныг А.Шинзо онцлон тэмдэглээд, эдгээр уулзалт Япон-АНУ-ын харилцаа холбоо бэхжиж буйг нотолж байна хэмээн хэлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард А.Шинзо АНУ-д айлчилж, тавдугаар сард Д.Трамп Японд айлчлан шинэ Эзэн хаанд бараалхсан анхны гадаадын төрийн тэргүүн болсон билээ. 

Өнөөдөр эхлэх “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалах А.Шинзо энэ удаагийн уулзалтыг амжилттай зохион байгуулж, дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг Д.Трампаас хүссэн байна. 

Үүний хариуд Д.Трамп, би худалдааны асуудал болон батлан хамгаалахын тоног төхөөрөмжийн худалдаанд гол анхаарлаа хандуулна хэмээгээд, Японы автомашин үйлдвэрлэгч компаниуд АНУ-д хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгааг сайшаажээ. 

Уулзалтын үеэр талууд Ойрхи Дорнодын нөхцөл байдал болон бүс нутагт хурцадмал байдал өсөн нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар мөн хэлэлцэх төлөвтэй байжээ. Япон Ирантай урт хугацааны турш найрсаг харилцааг хөгжүүлсээр ирсэнтэй холбогдуулан А.Шинзо энэ сарын эхээр тус улсад айлчилж, Вашингтон, Техраны хэлэлцээнд зуучийн үүрэг гүйцэтгэхийг санал болгосон юм. 

Харин Ормузын хоолойн ойролцоо хоёр нефть тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртсөн нь хурцадмал байдлыг улам даамжруулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын дроныг сөнөөсөнтэй холбоотойгоор Д.Трамп Ираны эсрэг цэргийн цохилт өгч магадгүй нөхцөл байдал үүссэн билээ. 

БНАСАУ-ын асуудлын талаар, А.Шинзо, Д.Трамп нар тус улсын цөмийн хөтөлбөрийг зогсоох чиглэлд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг дахин нотолжээ. 

Худалдааны асуудлуудын талаар тэд Япон, АНУ-ын худалдааны хэлэлцээрийг байгуулахад хоёр талын хэлэлцээг түргэвчлэхээр тохиролцсон байна. Хоёр орны Сайд нарын түвшний уулзалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур эхэлсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг