ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Токио хотоос зүүн зүгт оршдог Тиба мужийн “Mobara Country Club”-ын талбайд хамтдаа гольф тогложээ. Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тэд Японы гольфчин, өдгөө 76 настай Ишао Аокиг хүндэт зочны хувиар урьсан байна.

Өнөөдөр маш сайхан өдөр байна. Үүний дараа хөтөлбөрийн дагуу бид сүмо үзнэ. Би Рэйвагийн эринд Япон, АНУ-ын холбоотны харилцааг улам бат бөх болгохын хүсэж байна” гэж Абэ сэтгүүлчдэд хэлжээ. “NHK” телевизээр мэдээлснээр, хоёр орны удирдагчид хотын гаднах клубэд нисдэг тэргээр ирсэн байна. Гольф тоглохынхоо өмнө тэд хамтдаа өглөөний цай уужээ.

Абэ, Трамп хоёр гольфын хорхойтнууд бөгөөд тэд тав дахь удаагаа хамт тоглож байгаа юм. Японы Ерөнхий сайд 2016 оны 11 дүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод Трамптай уулзах үеэрээ түүнд гольфын цохиур бэлэглэж байжээ. Хариуд нь тэрбээр поло болон гольфийн бусад хэрэгслүүдийг бэлгэнд авч байв. 

Зургийг thepublicsradio.org

Ишао Аоки бол гольфын спортоор өндөр амжилт үзүүлсэн Японы алдартай тамирчин юм. Тэрбээр 1985 онд гольфын аварга шалгаруулах Америкийн нээлттэй тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн байна. 2004 онд дэлхийн гольфын алдрын танхимд багтжээ. 2017 онд Трампыг Японд айлчлах үеэр Аокиг мөн оройн зоогт урьж байв.

Трамп гольф тоглосныхоо дараа гэргий Меланьягийн хамтаар сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхоно. Тэрбээр түрүүлсэн бөхөд АНУ-ын Засгийн газрын захиалгаар бүтээсэн тусгай цомыг гардуулан өгнө.

АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын гол хөтөлбөр тавдугаар сарын 27-нд эхэлнэ. Тэрбээр энэ өдөр Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан шинэ эзэн хаан Нарүхитод бараалхах юм. Айлчлалын сүүлийн өдөр Трамп Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг тээгч “Кага” хөлөг онгоцон дээр зочилно. Токиогийн булангийн Йокошүка баазад байрлаж байгаа уг хөлөг онгоцыг хөнгөн нисэх онгоц тээгч болгон хувиргахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг