Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор өнгөрсөн сарын нэгнээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэ дүрмийн 3.6-д зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “Г”-д заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж болохоор зохицуулсан байдаг.

Харин шаардлагатай тохиолдолд буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, архи, мансууруулах бодис хэрэглэсэн, талууд гэм буруутай эсэх талаар маргаантай нөхцөлд, замын цагдаад дуудлага өгөх, мөн даатгалын тохиолдол нь залилангийн шинж чанартай гэж үзвэл даатгагч цагдаагийн байгууллагад өгч шалгуулах шаардлагатай юм. 

Даатгалын шуурхай алба нь даатгалын тохиолдлыг шалгасан эсвэл шуурхай албаны заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулсан байх ёстой. Ингээд холбогдогч талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол даатгалын компани цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр нөхөн төлбөрийг олгох журамтай ажээ.