Цэдэнбалын Цэрэндолгор
08 сарын 30, 2018
Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Мандал даатгал” ХХК-ийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 243 016 ширхэг, “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая төгрөгийн үнэт цаасны бүртгэлд тус тус бүртгэлээ. Бүртгэлд авсан хувьцаанаас “Мандал даатгал” ХХК 25 хувь буюу 1 560 754 ширхгийг 4800 төгрөг, “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн тогтоосон үнээр тус тус нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөв.
“Мандал даатгал” ХХК-д “Голомт капитал ҮЦК”, “Ард даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Энэ хоёр компанийн IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтлоо.
Хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмын шинэчлэлээр “олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг жолооч” гэж журамд хамаарагчийг тодотгосны дээр Хорооноос хуваарилсан жолоочтой гэрээ байгуулахдаа даатгагч нар нэмэлт нөхцөл шаардахгүй байх зохицуулалтыг нэмжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.