Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи манай улсад айлчилж байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр түүнийг хүлээн авч уулзлаа. 

Хэлэлцээний эхэнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Бутан хоёр улс түүх, соёлын өв, шашин шүтлэгийн хувьд ижил төстэй гэдгийг дурдаад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцоллоо.

Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи “Бид монголчуудаас гаралтай хүмүүс. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар богино хугацаанд харилцан айлчилж байгаа нь Монгол, Бутаны харилцаанд чухал үйл явдал болж байна” гэв. Мөн тэрбээр хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт Монгол Улсын туршлагаас судалж, оюутан суралцуулах, Монголоос адуу, сарлагийн хөлдөөсөн үр, монгол банхар авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.