Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрээр улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 

Мөн 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө. 

Дараах 9 чиглэлийн байгууллагуудын дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөхгүй. Эдгээрээс бусад бүх ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг дээрх долоон сарын хугацаанд төр хариуцна.

1. Төсөвт байгууллага

2. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд

3. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр

4. Банк, банк бус санхүүгийн байгууллага

5. Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч

6. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

7. Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

8. Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

9. Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Төлбөр тэглэснээс үүсэх 650 тэрбум төгрөгийг "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар гаргана. 

Шийдвэрүүдийг танилцуулж мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буйн хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. 

Даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Одоо халдвар авахгүй, тархаахгүй байх нь иргэн бүрийн ухамсар, үүрэг, хариуцлагаас хамаарна. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө зүтгэе" хэмээлээ.