Дарханы зам: 32 км хучилт хийчихвэл 4 урсгалтай, 408 км замын суурь хучилт дуусна

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 22, 2023

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарын мэдээлснээр, Дарханы замын тавдугаар багцын дөрвөн урсгалтай замын суурь хучилт бүрэн дуусчээ. Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар уг замын шинээр барьсан хоёр эгнээ замын өнгө хучилтын ажил 8 орчим километрт хийгдэж буй юм байна. Суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигдана. 408 километр энэхүү зам дээр өнгө хучилт хийгдэх ёстой аж.

Дархан чиглэлийн замын 4 болон хоёрдугаар багцад өнгө хучилт эхэлсэн байна. Тус замын суурь хучилтын ажил сүүлийн 204 километрээс 32 километр дутуу байгаа аж. Хучилтыг ойрын үед хийчихвэл Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай, 408 км замын суурь хучилт үндсэндээ дуусах юм байна. Цаг агаарын саатал гарахгүй бол 32 км замын суурь хучилт болон бусад өнгө хучилт зэрэг ажлуудаа есдүгээр сарын сүүлчээр дуусгахаар ажиллаж байгаа ажээ. 

Дарханы замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж буй юм. Үүнд:  

I багц - Улаанбаатараас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,

II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км,

III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км,

IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км,

V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос хэрэгжүүлж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн билээ. Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 94.13, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 74.75 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 94.39 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 66.5, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 90.90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй нэмэлт хоёр эгнээ авто замын ажил 62.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тодруулбал, нэгдүгээр багц 77.22, хоёрдугаар багц 57.15, гуравдугаар багц 57.34, дөрөвдүгээр багц 54.82, тавдугаар багц 64.75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнд 509 хүн, 245 техник, машин мехнизм ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.