Дэлхийн Банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорац(ОУСК) нь Монгол Улсын хөгжлийн үр нөлөөг дэмжих чиглэлээр байгалийн нөөцтэй холбоотой ил тод мэдээллийн ашиглалтыг сайжруулах шинэ хөтөлбөрийг эхлүүлжээ. “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хэмээх нэртэй энэхүү санаачилга нь алс хэтдээ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийг сайжруулахад чиглэсэн шинэтгэлүүдийг дэмжих зорилготой.  

Хөтөлбөрийн хүрээнд “Ил тод байдал, нийгмийн лиценз олгох үйл явцыг бэхжүүлэхэд байгалийн нөөцтэй холбоотой өгөгдлийг дүгнэн шинжлэх нь” сэдэвт сургалтыг зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. 

Сургалтанд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, уул уурхайн компани, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн засаг захиргааг төлөөлсөн 30 гаруй оролцогчид оролцож, дата шинжилгээ хийх талаар суралцсан байна. ОУСК-ын D2D хөтөлбөрийн менежер Алла Моррисон “Салбар салбарын төлөөллийн нээлттэй өгөгдөлд дүн шинжилгээ хийх техник ур чадварыг бэхжүүлэх нь баримтад суурилсан олон нийтийн мэтгэлцээнийг өрнүүлэх, ил тод байдлыг дэмжих, цаашлаад Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд их үр дүнтэй арга зам юм” хэмээн өгүүлэв.

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт дурдсанаар Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, Өмнөговийн дэд бүтцийг сайжруулж, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийг мэдээллээр хангаж, харилцан санал солилцох нь дээрх зорилтуудаа хэрэгжүүлэхэд нийгмийн дэмжлэгийг авахад нэн чухал юм.

Тиймээс найдвартай, нээлттэй өгөгдлүүд, тэдгээрийн үр ашигтай хэрэглээ нь уул уурхай, байгалийн нөөцийн салбарт амин чухал болж байна. ОУСК-ын D2D хөтөлбөрийн хүрээнд оролцогч талууд асуудлыг шийдвэрлэхдээ байгалийн нөөцтэй холбоотой ил тод, нээлттэй өгөгдлүүдийг ашиглахгүй байгааг тогтоожээ. Үүнд мэдээлэлтэй ажиллах ур чадвар мөн хөшүүрэг, сонирхол байхгүй нь голлон нөлөөлж байгаа учраас D2D хөтөлбөрийн хүрээнд өгөгдөлд дүн шинжилгээг хийх мэдээллийн зуучдын ур чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүний зэрэгцээ уул уурхайн компанийн санхүүгийн актив, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар үнэн зөв дүр зургийг харуулахуйц дата өгөгдлийг сайжруулахад тус хөтөлбөр анхаарах юм байна. 

“Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд мэдээлэл хуваалцах байдлаа сайжруулснаар урт хугацааны хөрөнгө оруулалтын түншээ татах боломжоо бүрдүүлэх юм” хэмээн ОУСК-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлэв. Тэрбээр цааш нь, “Мэдээж энэхүү санаачилга нь ОУСК-ын тэргүүлэх чиглэл болсон хариуцлагатай уул уурхайгаас хүртэх хөгжлийн үр нөлөөг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэртэй” гэдгийг онцолсон байна. 

Улаанбаатарт зохион байгуулагдсан энэхүү сургалтыг BHP сангийн ивээн тэтгэж, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, Оюу толгой ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэ Ресорсес ХХК, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл зэрэг байгууллагууд дэмжин оролцсон байна. Цаашид ОУСК-ын D2D хөтөлбөр ижил сургалтуудыг Гана, Перу, Колумб улсуудад зохион байгуулах юм байна.


Эх сурвалж: Дэлхийн банк