Х.Оргил
10 сарын 22, 2019
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банк хамтран өнөөдөр (2019.10.22) “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг төлөөлөнУИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ.
Тэрбээр,
“Нийгмийн амьдралын хэв маяг, шинж чанар аажмаар бидэнд анзаарагдахгүйгээр эрс өөрчлөгдөж байна. Энэ нь улс орон, нийгмийн хувьд асар том өөрчлөлтийг авчирч байна. Үүнийг системийн онолоор бол “еmergent” шинж чанар гэж тодорхойлдог. Аливаа системийн элемент тус бүрд байдаггүй онцгой шинж чанар бүхэл бүтэн системд байдаг. Энэ шинж чанар бол элементүүдийн механик нэгдлийн үр дүнд бий болдоггүй, харин ухаалаг нэгдэл урд өмнө бодож төсөөлөөгүй сайн үр дүнд хүргэдэг байна. Иймд дээд боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам бол бид нэгдэж ажиллах явдал” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж байлаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол үг хэлэв. Тэрбээр,
“Манай орны хувьд дээд боловсролын салбараас дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, төрийн болон хувийн байгууллагуудад нийлүүлэхээс өөр дорвитой хувь нэмэр харагдахгүй байна. Дээд боловсролын салбарын нэр хүнд унаж, төгсөгчдийн чанар чансаа зах зээлд хөрвөх чадваргүй байна гэсэн шүүмжлэл ч их байгаад бид дүгнэлт хийх ёстой” гэв. Энэ шатны сургалтын үр дүнг дэлхийн хэмжээний шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэх, хэрэглэж байгаа хяналтын арга механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны Их сургууль байгуулах үзэл баримтлал”, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” сэдвээр тус тус илтгэл тавив.
Салбарын сайд илтгэлдээ, “Их дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь улс орны хөгжилд дорвитой нөлөөлөл үзүүлж чадахуйц төвшинд хүрээгүйг тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаа зонхилсон хэвээр байгаа тул судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлснийг онцлов.
Авьяасыг хөгжүүлэх, дэмжих, их сургууль улс орны инновацийн төв болох, дээд боловсролын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болон дээд боловсролын хүний нөөцийн бодлоготой болох зэрэг шаардлагын үүднээс Судалгааны их сургууль байгуулах нь зүйтэй гэж УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, профессор Д.Бадарч “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл шийдлүүд” илтгэлдээ танилцууллаа. Тэрбээр,
"Төрийн өмчийн найман их сургуулийн орлогын 80 хувь нь төлбөрөөс орж ирж байна. Дэлхийн томоохон сургуулиудад сургалтын төлбөр төсвийнх нь 50 хувийг эзэлдэг. Хэрэв тухайн сургуулийн санхүү нь сургалтын төлбөрийн 70-аас дээш хувиас хамааралтай байвал тухайн сургуулийг үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлдөг. Манай их сургуулийг сургалтын байгууллага гэж үздэг. Гэтэл өнөөгийн нийтлэг хандлагаар их сургууль бол улс орны нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулдаг судалгаа, сургалтын байгууллага гэж үздэг болсон. Судалгааны ажлын хэсгээс Монголд тал бүрийн мэргэжлийн хамруулсан их сургууль байхгүй учраас одоо байгаа их сургуулиудыг нэгтгэх нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргасан. Ингэж чадвал ойрын 15 жилийн дотор дэлхийн топ жагсаалтад багтах боломж бий" гэсэн юм.
Төлөөлөгчид их, дээд сургуулиуд мөнгө олдог хэрэгсэл болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үүнийг шинэчлэх цаг нь болсон тул сургуулийг чадваржуулах, нэгтгэх, шинээр байгуулах зэргээр санал байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн төрийн өмчийн найман их дээд сургуулийг нэгтгэн “Судалгааны их сургууль” байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.