Олон улcын харилцаа судлаач, Элчин сайдасан Д.Баярхүү“Эрх чөлөө” хөдөлгөөнөөс зохион байгуулсан “Ардчиллын уналт уу, ардчилагчдын алдаа юу”хэлэлцүүлэгт оролцохдоо ийнхүү ярьсан юм. 

-Бид үнэндээ социализмаас капитализм руу л явж байгаа шүү дээ. Тэрийгээ хийж дуусдаггүй. Ардчилал гэж юу вэ гэж хэрэв Нарантуул дээр очоод асуувал авилга ба хулгай гэж л хариулна. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх гэж хүмүүс ойлгоод байна. Яг л ийм болсон. Энэ бол олон учир шалтгаантай. Монгол үндэстэн өвөрмөц онцлогтой гэдгийг ерээд оны ардчилагчид сайн хараагүй. Барууны ардчиллыг авчраад наачихаар болдог юм байна гэж ойлгосон. Энэ бол алдаа байсан.  Чингис хаан монголчуудыг 40 жил махир сэлмээр цавчиж байж, нэг туган дор барьсан байдаг. Нөгөөх нь феодалын бутралаар тараад алга болсон. Улаан орос хамж аваад, 70 жил нэг туган дор барьсан. Ерэн онд сахилга бат нь алга болсон. Айлгадаг юм нь алга болоход ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргээд, 30 жилийг туулж байна. Ардчилсан нийгэмд та бүхэн хүссэн ажлаа хийгээд, түүнийхээ үр дүнд сайн сайхан амьдарч, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдгийг одоо болтол яриад ард түмний тархинд хүрдэггүй ээ.

Энэ гучин жилд хүн амын 30 орчим хувь нь байнга ядуу байж ирэв. Нийгмийн халамж үзүүлэхгүй бол 20-30 хувь нь нэмж ядуурахад бэлэн байгаа. Яг үүн дээр улстөрчид нь тоглоод, сүүлдээ Монголын ардчиллыг авилгажсан ардчилал болгож хувиргалаа. Ардчилсан улс гэдгээрээ бид дэлхийн анхаарлыг татахаа байсан. Биднийг тоохоо больсон. 1992 оны сонгуульд МАХН дийлэнхи олонхи болоод 70 суудал авахад ардчиллын төлөө барууны хамаг сангууд Монголд десант буулгасан юм. АмерикийнАзийн сан, Конрад-Аденауэрын сан, Фридрих Эбертийн сан бүгд Монголд ажилласан. Түүний үр дүнд 1996 онд ардчилагчид маань УИХ-ын 50 суудлыг ямар ч ар өврийн хаалгагүй, хар машингүйгээр авсан. Ард түмэн хар зөнгөөрөө сонгосон. АН-тай хариуцлага тооцъё гэвэл  энэ л дөрвөн жил. Бусад үед дандаа хамтарсан. Азаар гурван удаа Ерөнхийлөгчийн суудлыг авсан. 

Монголд олон удаа ардчиллын хурал болсон. Би илтгэл  тавьж, илтгэл сонсч байлаа. Германы нэг эрдэмтэн хэлсэн юм. Монголын ардчилал авилгажсан ардчилал руугаа орлоо гэж. Африкийн олон орон ийшээ явсан. Стэнфордын бас нэг профессор ярьж байсан. Хүйтэн дайны үе дуусахад ерэн онд бүгдээрээ шилжилт хийсэн. Коммунизм нурсан. ЗХУ алга болоход санхүүжүүлэгч төв байхгүй болохоорбараг 120 орон шилжилт хийсэнгэж  байгаа юм. Түүн дотор Орос, Хятад хоёр хүртэл орсон. Ардчиллаас ухарсан олон улс байсан, тууштай үлдсэн нь Монгол. Гэхдээ үүнд баярлах юм байхгүй.

Цаашдаа бид яах ёстой вэ?

Монголын ард түмэн энэ 30 жилд хоёр намд л саналаа өгч ирсэн. Монголчуудыг айлгасан, залхаасан, жигшээсэн юм нь ардчиллын төлөө олон намууд хагарсан, тэмцэлдсэн, биенээ хэмэлсэн, татаж унагаасан, салж гарсан. Эрх барьж байгаа хүмүүс нь хонь, чоно болчихоор монголчууд налгар тайван амьдрал, намбатай улс төрийн намыг хүсдэг. Намбатай сайхан улс төрийн хүчин нь босоо тогтолцоотой, зөрчлөө дотроо тас нууж чаддаг  МАН л байдаг. Арчилсан намынхны бүх зодоон ил явдаг. Нөгөөхөөс нь хүмүүс залхдаг. 

Өнөөдөр сахилга бат алга болсон. Сахилга бат ардчилал хоёр нэг юм ш дээ, уг нь. Сахилга бат гэж дарангуйллыг хэлж байгаа юм биш. Намын сахилга бат, гишүүний сахилга бат, иргэний сахилга бат, эцэг, эхийн сахилга бат нүүдэлчдэд ерөөсөө байдаггүй юм уу байснаа алга болчихсон юм уу би өөрөө ч ойлгохоо байлаа.

Гучин жил ардчилал, шинэчлэл хийсний үр дүнд “Ижил мөрний барлагууд” шиг  хүн болгож төлөвшүүлж чадахгүй , хүн төрхөө олоогүй 50, 60 хүрчихсэн баахан “хүүхдүүд”-тэй. Ийм ард түмэнтэй. Сингапурт яагаад ардчилал байгаа юм бэ. Ардчилал ерөөсөө л улс төрийн сонголт хийх эрхийг нь л өгч байгаа юм. Сингапурын парламентад Ардын үйл ажиллагаа нам нь тасралтгүй ялж байна, тэгээд л боллоо. Унадаггүй, арилдаггүй, тасардаггүй. Бид нэг ийм МАН-ыг бий болгочихсон юм биш байгаа. 

Дээд шүүхэд бүртгэлтэй 40-өөд нам байна. 

Хэн гэдэг дарга байх нь хамаагүй. МАН, АН-аас бусад нь нэг л нам байхад болно. Адайр ааш, хувийн ашиг сонирхлоо татмаар байна. Тэр нь тэнцвэржүүлэгч хүч. Бидингэж  жигшээж залхаачихаад ард түмэнд гомдоод яах билээ. АН ялагдалдаа дүгнэлт хийхгүй, яг энэ эрчээрээ 2024 он хүрчих вй гэсэн айдас байна. 

Даян дэлхийн ардчиллалд сорилт тулгарч байна. Өнөөдрийн ганц гэрэл гэгээ нь Беларусь болоод байна. Европын сүүлчийн дарангуйлагчийг унагах  тэмцэл, юун ковид.  Беларусийн ард түмнээс долоон дор гэдгээ өөрсдөө ойлго. Сонгуулийн дараа бид хоёр сар унтаж байна. Нэг сүрлэг хэвлэлийн бага хурал хийгээд, алга болчихдог.  Тэгтэл Беларусь тэмцэж чадаж байна шүү дээ.