“ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяны нээлт боллоо

Х.Оргил
05 сарын 26, 2023

Хүүхдийнхээ технологийн зохистой хэрэглээг нь чиглүүлэх, бүтээлчээр ашиглах дадлыг бий болгоход нь туслах “ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяныг "Сайн электроникс" компани эхлүүлж нээлтээ хийлээ. 

Хагас жилийн турш үргэлжлэх энэхүү аян нь хүүхэд багачууд, өсвөр насныхны дэлгэцийн ухаалаг хэрэглээг бий болгох, эцэг эхчүүдэд ухаалаг төхөөрөмжийг хэрэглээг хянах аргыг нь эзэмшүүлэхэд туслах зорилготой юм. 

“ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяны нээлтэд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд мэргэжлийн сэтгэл засалчаар өөрсдийн сэтгэлзүйг тодорхойлуулж, зөвлөгөө авч байлаа. Хамгийн их ачаалалтай ажилласан нь Soul Haven сэтгэлзүйн төвийнхөн. Тэднээс хэрхэн анхаарал дутмагшилтай хүүхдээ хүмүүжүүлэх, төвлөрч сургах талаар зөвлөгөө авч байв. 

Үе тэнгийн дээрэлхэлт, анхаарал дутмагшлын эмгэг, цахим донтолтоос сэргийлэх арга хэлбэрүүд зэрэг сэдвийг онцолсон мэргэжилтнүүдийн илтгэлээс эшлэн хүргэж байна.


“Дэлгэц битгий хэрэглэ” гэж загнаж, гар утсыг хураах нь хамгийн буруу арга юм

/Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМЭШСГХА-ны Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэтгэцийн эмч О.Батчимэг/

Дийлэнх эцэг эхчүүд хүүхэд нь асуудалд орохоор “Би хүүхдэдээ тусгайлан цаг авч сэтгэл зүйчид үзүүлэх ёстой” гэж боддог, зарим нь яах аргаа олохгүй шаналдаг юм билээ. Үнэндээ хүн бүр сэтгэл зүйч байх боломжтой. Олон арга аргачлалууд ч бий. Тухайлбал өөрийгөө буруутгахаасаа өмнө хүүхдээ ойлгож, гэр бүлдээ цаг гаргаж, одоо цагтаа төвлөрөх нь чухал. Бас гэр бүл өөрсдийн гэсэн энгийн дүрэмтэй байх нь чухал. Тухайлбал агаар салхинд гарах, хоолны ширээний ард суухдаа гар утсаа оролдохгүй гэх мэтээр ярилцаж дүрмээ тогтоож болно. Унтахаасаа өмнө цагийн өмнө утсаа өөр өрөөнд оруулж тавих аргыг ч ашиглаад үзээрэй. Иймэрхүү аргуудыг хэрэглэхгүйгээр шууд л “Дэлгэц битгий хэрэглэ” гэж зандарч загнаж  хураах нь хамгийн буруу арга юм. Хорьж хаах тусам хүүхэд тэрхүү зүйлд анхаарал хандуулдаг тул байнга давтах нөхцөлийг нэмэгдүүлдэг. 

Алим модноосоо хол унадаггүй гэж үг байдаг. Тэгэхээр эцэг эх та өөрөө үлгэрлэх нь хамгийн чухал шүү. Хамтдаа тоглож, ярилцаж ойлголцох зэрэг дэлгэцгүй өнгөрүүлэх цагийг нэмэгдүүлэхдээ илүү их анхаарал хандуулаарай.

Судалгаанаас үзэхэд нийгмийн сүлжээг тогтмол ашигладаг хүмүүсийн сэтгэл гутралд өртөх эрсдэл өндөр байдаг. Багш нар ч цахим хэрэглээ ихтэй сурагчдын анхаарал төвлөрөл буурсныг онцолж байна.


Анхаарал дутагшлын эмгэгийг давуу тал болгон хөгжүүлээрэй

/“Soul Haven” төвийн сэтгэл засалч, гэр бүл судлаач Б.Бэрцэцэг/

Анхаарал дутагмагшлын хам шинж хөвгүүдэд түлхүү илэрч байна. Ийм хөвгүүдээ эцэг эхчүүд анзаарч, оношлуулаагүйгээс болоод “Манай хүүхэд сэргэлэн” гэж тодотгон ярьдаг нь эндүүрэл юм. 2-3 насанд тогтож сууж чаддаггүй,  сэтгэл хөдлөл нь тогтворгүй , хоолоо идэхдээ заавал дэлгэц үзэх гээд байдаг, тоглож байхдаа нэг тоглоом дээрээ төвлөрч тоглодоггүй. 3-4 насанд ч юм руу байнга авирдаг, маш их үсэрч, гүйж харайдаг, тогтворгүй байдал ажиглагддаг. Энэ төрлийн шинж тэмдэгтэй хүүхдүүд ойролцоогоор 6-7 насанд оношлогдож байна.  Ийм оноштой хүүхдүүдийг сургахын тулд эцэг эх, багш нараас маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Хүмүүс яагаад миний хүүхэд ийм оноштой болчихов гэж асуудаг. Судалгаанаас үзэхэд 75-80 хувь нь удамшлын шалтгаантай.  Үүн дээр сүүлийн үед дэлгэцийн хэт их хэрэглээ нэмэгдэж орж ирсэн. Ийм хэт хөдөлгөөнтэй хүүхэдтэй зарим эцэг эхчүүд аргаа барахдаа гар утас үзүүлээд суулгачихдаг. Гэтэл энэ нь оношийг нь бүр дордуулдаг.

Дэлгэцээс гарч байгаа хөх туяа хүүхдээс гарч буй мелатонин буюу нойрны дааврыг улам багасгадаг. Үүний улмаас хүүхдүүд нойргүйдэж эхэлдэг. Нойргүй хүүхдэд өдрийн сурсан, мэдсэнээ буцааж боловсруулж, ойлгох процесс явагдахгүй. Энэ нь даамжирсаар анхаарал дутмагшлын хам шинж буюу суралцахуйн бэрхшээл болж хувирах магадлалтай. Иймээс л мэргэжлийн байгууллагад хандаж оношлуулж, эртхэн арга хэмжээ авах ёстой. Магадгүй саяхан анхаарал дутагшлын эмгэгтэй гэж хүүхдээ оношлуулсан эцэг эхчүүд байгаа бол битгий санаа зовоорой. Зөв хөгжүүлж чиглүүлж чадвал таны хүүхэд бусдаасаа онцгой авьяастай нэгэн ч болж мэднэ. Бидний мэдэх алдартнууд энэ төрлийн эмгэгтэй байсан юм шүү. Тиймээс хүүхдэдээ туслахыг хичээгээрэй. Юуны өмнө тэвчээртэй, тайван хандах нь чухал байдаг. 

Хэт хөдөлгөөнтөх эмгэгийн үед дараах шинжүүд илэрч болно.

  • Байнга хөдөлгөөнтэй хийгээд тогтворгүй байдаг

  • Хичээлийн турш сандалдаа сууж чадахгүй. Хамгийн дээд тал нь 8 минут л сууна.

  • Маш их ярьдаг. Сэдвээс тэс өөр зүйлийг ярьж хүмүүст саад болдог 

  • Гэнэт ухасхийн хөдлөнө.

  • Бодлогогүй үйлдэл хийнэ.

  • Өөрийн эргэн тойронд байгаа эд юмсаар оролдоно, тэдгээрийг хөдөлгөнө

  • Анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй. Хурал, хичээл дээр өөр зүйл бодоод сууж байдаг. 

  • Анхаарал нь тогтворгүй хийгээд сарниун 

  • Нэг үйлдэл болон нэг ажлыг дуусгалгүй нөгөө ажлыг хийдэг 

  • Гэрийн даалгавраа дуусгадаггүй 

  • Эд зүйлсээ маш эмх цэгцгүй тавьдаг.



Хүүхэдтэйгээ найз байснаар олон асуудал шийдэгддэг

/Хувь хүний хөгжил, гоо зүйн сургагч багш Х.Бадамгэрэл/

Миний нэг найз багадаа намхан, туниа муутай, бүрэг даруу хүүхэд байсан юм. Гэтэл 5 дугаар ангид нь нэг арга хэмжээ дээр бүх хүүхдүүдийн нэрсийг хийж хүсэл мөрөөдлийг яриулахаар  хоёрхон нэр сугалуултал найзын маань нэр гараад ирж л дээ. Тэр олон хүн битгий хэл найздаа ч өөрийгөө хангалттай илэрхийлж чаддаггүй хүний хувьд тайзан дээр гарна ярина гэдэг чанга даалгавар байлгүй яахав. Хамаг бие нь салгалж чичирсэн найз минь “Би хүчирхэг л эмэгтэй болно” гэж зориг муутайхан шивнэсэн. Гэтэл сонсож суусан ангийн багш нь “Чи юу” гээд амандаа хэлчихсэн, заал тэр чигээрээ сонсчихсон. Охин гомдоод гүйн гарсан бол тэр цагаас хойш үеийнхэн нь шоолж тохуурхацгаасан. Хичээлдээ очиж чадахгүй болтлоо ичиж шаналсан. Дасгал хөдөлгөөн хийж, сургалтад сууж, олон өөрчлөлт хийхэд гэр бүлийнхэн нь тэр дундаа ээж нь тусалсан. Суга өсөж, түүнээс ч илүү өөртөө итгэлтэй болсон түүнийг намар хичээлдээ ороход хэн ч таниагүй. Яг үнэндээ энэ бол миний түүх л дээ. Хэдэн хүүхэд энэ төрлийн ялгаварлан гадуурхалтад өртөж, хэрхэн даван туулж байгааг бид мэдэхгүй. 

Над руу гэхэд маш олон хүүхэд бичдэг, зарим нь үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн тухайгаа эсвэл амьдралд тохиолдсон асуудлаа уудалдаг. Өөрөө ч багшлаад явж байгаагийн хувьд эцэг эхчүүд энэ асуудлыг олж хараасай, үр хүүхдүүдтэйгээ ярилцаасай гэж хүсдэг. Ялангуяа өсвөр насныхантай эцэг эхчүүд нь найз байж сурмаар байна. 


Гэртээ медиа технологийг ашиглах дүрэмтэй болоорой

/Медиа мэргэжилтэн, зөвлөх М.Тунгалагтуяа /

Бид цахим хэрэглээний олон сөрөг баримтуудыг дурдаж болох ч технологийг зөв зохистой, бүтээлчээр ашиглаж сурахаас аргагүй цаг үед ирсэн. Дижитал боловсролыг хариуцлагатай,  аюулгүй, зорилготой ашиглахад суралцах олон аргууд байдаг. Хэрэв та хүүхдэдээ ямар нэгэн технологи ашиглуулдаг бол заавал ямар нэгэн дүрэм, цагийн хязгаарлалт тогтоогоорой. Энэ дүрмийн ачаар гэр бүлүүд дэлгэцийн асуудлаас үүдсэн асуудлуудаас сэргийлж гэртээ халуун дулаан уур амьсгалыг авчирдаг. 

Биднийг бага байхад айлууд цагийн хуваар гэж бичээд хаалга дээрээ наачихдаг байсан. Яг л үүн шиг энгийнээр медиа технологийг ашиглах дүрэмтэй болчих хэрэгтэй. Эцэг эх асран хамгаалагчид хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, ойлголцож дүрмээ хамтарч зохиох хэрэгтэй. Яг л хэлэлцээр хийж байгаа юм шиг эцэг эхчүүд ч өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг, хэрэв дүрэм зөрчвөл яах вэ гээд нарийн зүйлсийг тусгаад хөгжилтэй байдлаар хийж болно шүү дээ.

Гэхдээ шийтгэл нь хэзээ гар утас, таблетийг нь хураах байж болохгүй. Хүүхэд өөрийг нь аюул эрсдэлээс хамгаалах зорилготой гэдгээ ч ярилцаарай. Гол нь хүүхдүүд хэрэгжүүлж ойлгоход хялбар байлгахыг эрхэмлээрэй.

Дүрмийн жишээ заалтууд:

Би гэрийн даалгавар хийхээсээ өмнө зурагт үзэж, гар утсаа тоглохгүй

Унтахаасаа өмнө гар утас шагайхгүй

Дэлгэцийн өмнө суухдаа 30 минут тутамд завсарлага авна.

Хоолны ширээний ард гар утастайгаа суухгүй гм

Тэд дэлгэцийн хэтэрсэн хэрэглээ тархины хөгжилд хэрхэн нөлөөлж, цаашдын хөгжлийн хоцрогдлын шалтгаан болох аюултайг дурдсан юм. Иймээс л хүүхдийнхээ цахим хэрэглээг ухаалгаар хянах, хөгжих арга хэрэгсэл гэдгийг нь ойлгуулах зорилгоор Sain support багийнхан ажиллаж эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөв. 

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээг хянах хамгийн энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар нь Google family link аж.  Google family link нь хүүхдийнхээ Андройд болон iOS төхөөрөмж ашиглалтыг хянах боломжийг эцэг эхчүүдэд олгодог гар утасны үнэ төлбөргүй аппликейшн юм. Тус аппликейшныг эцэг эх, хүүхэд хоёул Google бүртгэлээрээ нэвтрэн утсандаа суулгана.

Аппликэйшныг ашиглан юу хийж болох вэ?

  • Дэлгэцийн цагийн хязгаар тогтоох

  • Өөрийн утаснаас удирдаж дэлгэцийг түгжих

  • Аппликейшн тус бүрээр түгжих

  • Хүүхдийнхээ байршлыг харах

  • Татаж болохгүй аппликейшн, хайж болохгүй хайлт зэргийг тохируулж хориг тавих

  • Төхөөрөмжийн тайланг харах буюу хэр их цаг зарцуулдаг, хэдэн удаа, ямар давтамжаар ашигладаг зэрэг мэдээллийг харах, зохицуулах 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.