Дэлхийн хүнсний хөтөлбөр дэлхий даяар 345 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, түүхэн дэх хамгийн өндөр тоо болж буй талаар мэдээллээ. Энэ нь дэлхийн нийт хүн амын 4-өөс илүү хувь нь гэсэн үг. Цаашид энэ тоо 50 саяар өсөх эрсдэлтэй байгаа аж.

Энэ талаар Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ерөнхий нарийн бичгийн дарга Дэвид Бисли НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр "Дэлхий дахинд урьд өмнө хэзээ ч байгаагүй онц байдал нүүрлэж байна. Цар тахлын үед хүнсний аюултай нөхцөл байдалд амьдарч буй хүмүүсийн тоо 70 саяар нэмэгдсэн нь давалгаа төдий өлсгөлөнг цунами болгон хувиргалаа” гэжээ.

Түүний илтгэлд дурдаснаар зэвсэгт мөргөлдөөн өлсгөлөнг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон. 

Сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнод, Африкт болсон иргэний дайны улмаас өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын тоо огцом нэмэгдсэн юм.

2014 оны эцсээр эхэлж, долоон жил гаруй хугацаанд мөргөлдөөн үргэлжилж байгаа Йемен улсад 19 сая орчим хүн хүнсний ноцтой хямралтай тулгарч, 538 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон гэсэн тооцоо бий.

Мөн Сомалид 200 мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа ба ирэх арваннэгдүгээр сар гэхэд 300 мянгад хүрнэ гэж тооцоолжээ.

Хүнсний хямралыг хурцатгасан бас нэг хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын эрс тэс үзэгдэл билээ.

Өмнөд Судан, Этиоп, Йемен, Афганистан, Сомали зэрэг Ойрхи Дорнод, Африкийн орнуудад тохиосон хүчтэй ган гачгийн улмаас ундны усны хомсдолд ороод байгаа юм.

Уур амьсгалын өөрлөлт улс орнуудын ойрын хэдэн арван жилийн хугацаанд хамтран шийдвэрлэх ёстой "аюулгүй байдлын гол асуудал". Иймд хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг улс орнууд хариуцлагаа хүлээж, арга хэмжээ авах ёстой. Тэд хэтэрхий удаан хойш суусан. Энэ байдлыг хурдан эцэслэх ёстой” хэмээн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ерөнхий нарийн бичгийн дарга Дэвид Бисли уриалсан байна.

Эх сурвалж: Asiae