2021 он гарсаар технологийн салбарын хувьцаанууд тийм ч үр өгөөжтэй байгаагүй төдийгүй хөрөнгө оруулагчид өнгөрөгч жилтэй харьцуулахад эргэн нээгдэж буй хувьцаануудад хөрөнгөө оруулах нь ихэсжээ.

Одоогийн байдлаар шинжээчид зарим технологийн хувьцаанууд өнгөрөгч жилийнхээ үнэлгээнд хүрэх гэж нэлээдгүй хичээх хэрэгтэй болно хэмээн тооцоолжээ. Үүнд нэн түрүүнд ZOOM дүрс уулзалтын платформ орж байгаа юм. Яагаад гэвэл дэлхий даяар хөл хорио суларч, гэрээсээ ажиллаж, сурах шаардлага хумигдсан тул төдий чинээ тус платформын хэрэглээ багасах юм.

Гэсэн хэдий ч хөл хорио дууссан гээд технологийн салбарт хөрөнгө оруулах хэрэггүй гэсэн үг биш. Үнэн хэрэгтээ амьдрал хэвийн гольдролдоо орохтой зэрэгцэн зарим технологийн компаниуд илүү амжилттай ажиллах тооцоо байгаа ажээ. 

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ өнөөгийн хувьцааны зах зээл дэх хамгийн ашигтай таван хувьцааг танилцуулъя.


Alphabet (GOOG, GOOGL)

Тэдний хувьцаа өнгөрөгч долоо хоногт 34 хувиар өсөж, бүх цаг үеийнхээ хамгийн өндөр үнэлгээнд хүрчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Google Cloud болон Youtube платформууд нь компанийн хувьцааны үнэлгээг өсгөхөд чухал үүрэгтэй ажиллаж байгаа гэнэ.

Учир нь хөл хорио дуусаж,  бизнесийн байгууллагууд хэвийн горимд шилжсэн энэ цаг үед үйлчлүүлэгчдээ эргэн татахын тулд зар сурталчилгаа түгээх нь нэн тэргүүний ажил хэрэг болж байгаа юм. Гэсэн ч энэ нь татварын нэмэгдэл үүсгэж болох эрсдэлтэйг хэлжээ.


Facebook (FB)

Alphabet-ийн адилаар Фэйсбүүк компанийн хувьцаа ч бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээндээ хүрчээ. Гэвч үнийн хувьд харьцангуй хямд хэвээр. Өнгөрөгч саруудад сурталчилгаа бүхий постны орлого нэмэгдсэнтэй энэхүү өсөлтийг холбож байгаа юм. Улирлын орлогыг нь авч үзвээс Фэйсбүүк компани нь онлайн сурталчилгааны талбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа ажээ. 


Salesforce.com (CRM)

Эдийн засаг эргэн сэргэлтээ авахын зэрэгцээ зар сурталчилгаа, маркетингийн арга барилууд улам л боловсронгуй хүртээмжтэй болж байна. Бусад хувьцаатай харьцуулахад өртгийн хувьд тийм ч үнэлгээ өндөртэй биш хэдий ч тэдний хувьцаа бол тогтвортой байдал гэж юу болохыг харуулж чаддаг юм. 

Шинжээчдийн хэлж байгаагаар тус компанийн хувьцаа нь софтвэйрийн салбар дахь хамгийн урт хугацааны өсөлтийг үзүүлсэн хувьцаануудын нэг яах аргагүй мөн хэмээжээ. Энэ нь одоо ердөө нэг датабэйс платформ бус сурталчилгааны томоохон талбар болсон юм.


Aspen Technology (AZPN)

Тус компани нь үйл явцыг автоматжуулах софтвэйрийн салбартаа тэргүүлэгч. Дэлхий дахинаа компаниуд нүүрстөрөгчийн хий ялгаруулалтаа багасгаж, илүү хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэл явуулахыг зорьж байгаа энэ үед тэдний эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм. 

Гэвч 2021 оны эхний улиралд Техаст цаг агаарын байдал таагүй байсантай холбоотойгоор олон фирм цахилгаан, эрчим хүчний доголдолд өртсөн тул бараг л ашиггүй ажиллажээ. Үүний улмаас тэдний хувьцаа ч 13 хувийн уналт үзүүлсэн юм. Гэсэн ч шинжээчид үүнийг хэт дөвийлгөсөн үзүүлэлт хэмээгээд байгаа гэнэ.


Cerner (CERN)

Тэд эрүүл мэндийн мэдээллийн технологийн салбартаа тэргүүлж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар хүн амын тоо өсөж, эрүүл мэндийн өртгийн тооцоо судалгааг хянаж байх нь шаардлага болсон энэ цаг үед энэ салбарын компаниудын хувьцаа цаашид ч өснө хэмээжээ. 


Эх сурвалж: US News