Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр тохиож байна.

 Багш нарын баярыг 1966 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр тогтсон юм. Харин ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” болгон зарласнаар дэлхий нийтээр энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Багш нарын өдөр нь боловсролын салбарт ажиллаж буй үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж, тэдэнд талархал илэрхийлэх өдөр юм. 1966 оны аравдугаар сарын 5-нд ЮНЕСКО болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Багш нарын статусын тухай зөвлөмж”-ийг баталсан байдаг.

Энэхүү зөвлөмж нь боловсролын боловсон хүчний бодлого, ажилд авах, анхан шатны сургалт, түүнчлэн багш нарын тасралтгүй боловсрол, тэдний хөдөлмөр эрхлэлт, ажиллах нөхцөлтэй холбоотой стандартуудыг тодорхойлжээ. Үүнээс хойш 28 жилийн дараа албан ёсоор энэ өдрийг “Дэлхийн багш нарын өдөр” хэмээн тунхаглажээ. Уг өдөр нь дэлхийн сурган хүмүүжүүлэгчдийг үнэлж, сайжруулахад анхаарлаа төвлөрүүлэн багштай холбоотой асуудлыг авч үзэх боломжийг олгох зорилготой аж. Монгол Улс ч мөн энэ өдрийг тохиолдуулан багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр, нийгэмд гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж ирсэн бөгөөд багш нарын хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн эзлэх байр суурийг дээшлүүлэх болон мэргэжлийн эрх ашгийг хамгаалахад оршиж байна. 



Монгол Улсад 2025-2026 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагад нийт 56.8 мянган үндсэн багш ажиллаж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Тэгвэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэг багшид дунджаар 25.1 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 сурагч ногдож байгаа аж.


Монголын мянга мянган багш, сурган хүмүүжүүлэгч нартаа “Дэлхийн багш нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

Холбоотой сэдвүүд

багш багш нарын баяр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.