Багш хүн алхам тутамдаа суралцаж хөгжих ёстой гэдгийг чин сэтгэлээсээ мэдэрч яваа  МУБИС Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Англи хэлний тэнхмийн багш Боловсролын тэргүүний ажилтан Ц.Мөнх- Ундартай ярилцлаа.

Тэрбээр Монголдоо төдийгүй  гадаадын олон оронд мэдлэг мэргэжлээ зузаатгаж, оюутан сурагчдадаа чанартай боловсрол олгохын төлөө хичээнгүйлэн ажиллаж, дэлхийн нийтийн хэлээр өөрийгөө түүчээлэх олон шавь бэлтгэж яваа билээ.


- Багаасаа багш хүн ямар байдгийг мэдэрч өссөн болохоор энэ мэргэжлээр ажиллахад сэтгэлд ойрхон байдаг байх даа?

-. Аав маань 35 жил сургуулийн захирлаар ажилласан Г.Цэндсүрэн гэж хүн байлаа. Ээж Монгол Улсын гавьяат багш ээж Ш.Оюун  сумандаа газар зүйн багшаар ажиллаж байсан. Миний хувьд МУБИС-ийн ГХС-ийг Англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр төгсөөд, дараа нь 2009-2011 онд Энэтхэг улсын Панжаб Технологийн Их сургуульд суралцаж 2011 онд бизнес удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 

Тийм учраас төгссөн сургуульдаа багшилна гэдэг хувь тохиол гэж бодож байна. Энэ утгаар  багш болсон хувь заяандаа баярлаж, бахархаж явдаг. Ингээд ажлын гараагаа 2005 оноос 2013 онуудад МУИС-ийн Улаанбаатар сургуульд Англи хэлний багшаар, 2013 оноос 2014 оны зургадугаар сар хүртэл МУБИС-ийн БС-ийн ХНУТ-д Англи хэлний багшаар, 2014 оны зургаадугаар сараас өнөөг хүртэл МУБИС-ийн НХУС-ийн Англи хэлний тэнхимд Англи хэлний багшаар ажиллаж байна.


-Бас та гадны оронд ч ажиллаж байсан юм билээ. Хэл ус чухал гэдгийн нэгэн тод жишээ энэ шүү дээ?

-Энэтхэг улсад сурахынхаа хажуугаар Энэтхэг улсын Дели хотын номер нэг “All chemist dental clinic” шүдний эмнэлэгт менежерээр ажиллаж байлаа. Хүний нутагт мэргэжлээсээ тэс ондоо зочдыг (өвчтөнийг) угтаж авч, шүдний мэргэжлийн эмч нарыг үйлчлүүлэгчтэй нь холбож өгдөг ажлыг хийж, эндээс их зүйлд суралцсандаа баяртай байдаг. 100 гаруй алдар нэртэй эмч нараар хүрээлүүлсэн өндөр зэрэглэлтэй олон хүний зорьж очдог эмнэлэг гэдгээрээ   давуу талтай юм билээ. Тухайлбал, Н.Сувдаа жүжигчний дүү Ганхуяг дуучин ЭСЯ-аас энэ эмнэлгийг мэдлээ гэсээр ирсэн. 

Тухайн үедээ намайг эмчтэйгээ холбож өгөөд англиар  яриад байхаар нь  монгол хүн гэж мэдээгүй гээд  дараа нь уулзахдаа  гайхаж билээ. Ингээд Энэтхэг улсад сургуулиа дүүргэж ирээд зуныхаа амралтаар “Моннис” компанид Үл хөдлөх хөрөнгийн менежерээр ажилласан. Өглөө 07:00 цагт ажилдаа ирээд орой 19  цагт тардаг байлаа. 

Компаниудтай гэрээ байгуулдаг учраас байнгын уулзалттай, ямар ч завгүй. Энэ хэмжээгээр цалин өндөр ч гэлээ яагаад ч юм шантраад багшийн ажлаа  хийхээр шийдсэн. Захирал маань  цалинг тань нэмээд цаашид ажиллуулмаар байна, чам шиг ийм шударгаар ажиллах  хүн олдохгүй гээд  явуулах дургүй байсан. Гэвч  МУИС-ийн Улаанбаатарын  их сургуульдаа  үргэлжлүүлээд багшилсан. Учир нь хүн өөрөөсөө илүү хүмүүстэй ажиллаж байж суралцдаг, хөгждөг. Удалгүй МУБИС-д гадаад хэл, компьютерийн мэдлэгтэй багш авна гэсэн зар олж харсан даруйдаа холбогдсон. 

Өөрийгөө танилцуулаад асуухаар нь олон улсын оноотой гэдгээ  хэлтэл багш шалгаруулалтыг зохион байгуулагч эмэгтэй нь та яг манайд тохирох хүн байна, хүрээд ир, хүлээж байя гээд надад их боломж олгож билээ. 

Удалгүй захирлын ярилцлаганд ор гэж дуудахад нь аав ээж маань багш байсан учраас би МУБИС-д багшлах хүсэлтээ байна гэдгээ хэлсэн. Гэтэл чамайг шалгалтандаа тэнцвэл ажиллуулахад бэлэн байна гэсэн урмын сайхан үг хайрласанд одоо ч баярлаж явдаг.  Энэ бүх шалгуурыг давснаас  хойш эдүгээ энэ сургуульдаа ес  дахь жилдээ багшилж байна. Одоо ч бас сурсаар л байгаа. Ямар сайндаа охин маань та яасан сурч дуусдаггүй юм бэ гэхээр нь боловсрол гэдэг хүний насан туршийн амьдрах хэрэгсэл, тасралтгүй хөгжиж боловсрох ёстой. Сайн боловсролтой бол сайхан амьдарна гэж хэлдэг юм.


-Оюутан сурагчдад ялангуяа хэлний боловсрол олгоход цаг үеэсээ хоцрохгүйн тулд багш хүн сурах арга барилаа өөрчлөх хэрэгтэй болох нь мэдээж?  

-Тийм шүү. Өнөөдөр нийгмийн хурдацтай хөгжлийг дагаад хүүхдийн англи хэл сурах арга барил маш их өөрчлөгдөж байгаа. Үүнийгээ дагаад багшийн арга зүй ч хөгжих учиртай. 

Өөрөөр хэлбэл,  багш хүн өдөр болгон тасралтгүй суралцаж оюутнуудынхаа  өмнө нь явж байх ёстой. Энэ хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байгааг  багш нар маань ч хүлээн зөвшөөрдөг байх. Ялангуяа англи хэлний хичээлийн хувьд оюутан сурагчдадаа насан туршийнх нь боловсролын суурийг нь тавьж өгөх нь хамгийн чухал. Ингэснээр цаашдаа англи хэлээ бие даагаад  хөгжүүлээд  явах боломжтой. Энэ арга зүйгээр сургалтаа явуулж байна.  Нэмж хэлэхэд боловсролын чанарыг сайжруулах хүчин зүйлийн нэг нь багшийг хөгжүүлэх, сургахад чиглэгдэнэ.

Боловсролын чанар багшийн хөгжлөөс шууд хамаарна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд боловсролын бодлого боловсруулагч салбарын дарга, мэргэжилтэнүүд нь багш мэргэжлээр дадлагажсан туршлагатай хүн байвал энэ зорилтыг хэрэгжүүлэхэд нөлөөлж чадна. 

Аливаа шийдвэр бодит байдалтайгаа харилцан уялдаж тэр нь хариуцлагатай, үр дүнтэй байж хүнд хүрнэ. Үг үйлдлээрээ үлгэрлэж, үр дүнг тооцох нь чухал. Өнөөдөр багш хүн ажлын байран дээрээ хөгжих бүрэн боломж байна. Энэ нь багш өөрийн анги танхимдаа өдөр тутмын багшлахуйн үйл болон суралцахуйн үйлээ судалж, эргэцүүлж, сургалтандаа системтэйгээр өгөгдөл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнг тооцох зэргээр багшлахуйн практикаа хөгжүүлэх хэрэгтэй. Тодруулж хэлбэл, танхимдаа хийж буй багшийн судалгаа багшийг хөгжүүлнэ гэсэн үг. Үүний тулд багш судлаач байх шаардлагатай.


-Шавийн амжилт сайн багштай салшгүй холбоотой. Иймд таны гараас  дэлхийн хаана ч очсон өөрийгөө илэрхийлээд явах чадвартай сайн хэлтэн төрнө гэдэгт эргэлзэхгүй байна?
-Эндээс харахад мэргэжил маань миний зан харилцаа, сэтгэхүйтэй салшгүй холбоотой санагддаг юм. Учир нь би төрөлхийн бусдад туслах, бусдын  ажил үйлсийг нь дэмжих дуртай хүн л дээ. Энэ хүрээндээ  нэг ч  гэсэн оюутанд сурна гэдэг маш чухал зүйл шүү гэдгийг ойлгуулаад өөрөө болон үр хүүхдээ боловсролтой болгохын төлөө чин сэтгэлээсээ хичээж ажилладаг. 

Нөгөө талаар боловсролоор дамжиж хувь хүн хөгждөг учраас оюутнууд маань мэдлэг боловсролоо дээшлүүлээсэй, улам тордож байгаасай гэж хүсдэг. 

Гэвч хичээлийн жилийн эхэнд ялангуяа хөдөөнөөс ирсэн оюутнууд би математик, эсвэл физикийн ангид сурч байгаа юм чинь англи хэл надад ямар хэрэгтэй юм гэдэг жаахан сөрөг бодолтой ирдэг.

Тийм учраас хичээлээрээ дамжуулан  сайн ойлгуулж, үзэл бодлыг нь өөрчилж, эерэг тал руу нь чиглүүлж өгөх нь багш бидний үүрэг. Нэгэнт л оюутныг сургах нь бидний ажил үүрэг  учраас энэ байдалд тохируулж арга зүйгээ өөрчилж боловсруулах ёстой. 

Сүүлийн үеийн чиг хандлага  багш өөрөө оюутнуудын асуудлыг илрүүлж, түүнийг шийдвэрлэхэд  тэдэнтэй хамтарч ажиллаж, суралцах нь чухал байгаа юм. Ингэж тухайн багшаас арга зүй, ур чадвар шаарддаг. Нөгөө талаар багш нар хичээлийн ном сурах бичиг хөтөлбөрөөрөө маш их зүйлийг төлөвлөдөг. Үүнийгээ  бөөнөөр нь нэг дор өгөх гээд багш өөрийгөө ч зовоогоод оюутанд ч хүрч байгаа юм байхгүй,тэрхүү бэлтгэсэн хөтөлбөр нь үр дүнгүй болох тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. 

Эндээс оюутанд аль нь хүрч байна вэ, эсвэл хариу нь яаж гарч байна гэдэг дээр анхаарч, эргэх холбоотой ажиллахгүй байна уу гэж бодогддог. Тийм учраас оюутан бүрт хүрч ажиллахын тулд хичээлийн үйл ажиллагааг төлөвлөж, боловсруулах хэрэгтэй. Ингэхдээ хоёр, гурван төрлөөр боловсруулж болно. Ингэж арга зүй ур чадвар шаарддаг учраас багш хүн тасралтгүй хөгжих хэрэгтэй.


- Сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй дүүрэн хүмүүс байнга л нэгийг сэдэж явдаг. Энэ мөн  л нэг үзүүлэлт шүү дээ?

-Олон улсын үйлийн судлаачдын  сүлжээнд (ARNA, CARN) гишүүнчлэлээр явдаг. Энэ нь багшийг хөгжүүлэх, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих нийгмийн сайн сайхны төлөөх ардчиллын мэдлэгийг олгох том сүлжээ юм. Энэ чиглэлээр олон орны эрдэмтэдтэй хамтран ажиллаж,олон улсын  хурал зөвлөлгөөн, сургалтанд байнга оролцдог.