Багш нарын ажил хаялттай холбоотойгоор "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо"-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус холбооныхны мэдээлж буйгаар "Өчигдрөөс эхлэн багш нар цалин нэмүүлэхээр тэмцлийн хурц хэлбэрт шилжиж хугацаагүй ажил хаялт зарласан. Харин үдээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчид уулзсан байна. Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоох зөвшилцөлд хүрч, БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээрийг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон. 

Улс орон даяар зарласан ажил хаялт болоод цалин нэмэх асуудлын талаар Үйлдвэрчний эвлэл багш нарын санал бодлыг сонсохгүйгээр зөвшилцөлд хүрч болохгүй.

Өчигдөр зөвшилцөлд хүрсэн гэдгийг бид багшийн цалинг 50 хувиар нэмэх болсон гэж ойлгож байгаа.Тиймээс өнөөдөр Засгийн газар болоод Үйлдвэрчний эвлэлд ОНЦ ШААРДЛАГА, МЭДЭГДЭЛ хүргүүлж байна" гэв.

Тус ОНЦ ШААРДАХ бичигт "Талууд зөвшилцөлд хүрч хэлэлцээр байгуулахдаа Монголын мянга мянган багшийн санал бодлыг сонсох, тусгах шаардлагатай. Хэрэв талуудын тохиролцсон хэлэлцээрт багшийн цалинг 50 хувиар нэмэх шийдвэр тусгагдаагүй, мөн багш нар зөвшилцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол цаашид багш нар тэмцлийн илүү хурц хэлбэрт шилжих болно" гэдгийг онцолжээ.

Засгийн газар болон Үйлдвэрчний эвлэл тус шаардах бичгийг хүлээж авч хэрэгжүүлээгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож ажиллахаа "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо"-ныхон мэдээлийнхээ үеэр мөн мэдэгдлээ.