УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 58 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэхийг танилцууллаа.

Үүний дараа УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн хэлэлцүүлэг олон жил явагдсан. Олон нам, иргэн, улстөрчдийн үзэл бодол орсон гэдэгт эргэлзэхгүй байна. Тус хуульд шинэчлэл ололттой олон зүйл байгаа ч эргэж харах зүйлс ч байна. Бид нэг зүйлийг хэлж байгаа. Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө хуульд тавигдсан шаардлагыг биелүүлж байж, хэлэлцүүлгийг эхлүүлэх ёстой. 

Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг хуульд нийцүүлж өргөн бариагүй, үндсэн хууль хэлэлцэх журманд заасан шаардлагуудыг хангаагүй байна. Дөнгөж саяхан Үндсэн хууль хэлэлцэх дэгийнхээ хуулийг батлачихаад хууль хэрэгжиж эхлээгүй байхад хуучин хуулиар хэлэлцэж байна. 

Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч, шинэ хууль батлачихаад, тэр хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр явж байгааг туйлын буруу гэж би харж байна. Энгийн хуулиар 4 минут үг хэлэх эрхтэй байсан бол шинэ хуулиар 8 минут үг хэлэх эрхтэй болсон. Одоо энгийн хуульд хавьчигдаад, олонхоороо түрээд батлахаар явж байгааг туйлын хариуцлагагүй зүйл рүү явах эхлэл болж байна. 

АН-ын зөвлөлд завсарлага авах, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Одоо бидэнд ганцхан боломж үлдэж байна. Бид дахин шаардлага тавъя. Уг асуудлыг хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж хэлэлцүүлгийг эхлээчээ. Зөвшилцөлүүдээ зөв хийж, улс төрийн намуудын саналыг ав. Ойлголцолд хүр. Тэгэж байж хэлэлцүүлгийг эхлэхгүй бол энэ хууль цааш явах явц, гарцгүй болно" хэмээн байр сууриа илэрхийллээ.