УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулав. ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг бүхэлд нь дэмжиж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлж буйтай холбоотой асуудлыг иргэдэд зөв талаас нь ойлгуулах шаардлагатай. Нийгмийн даатгалын сан яагаад алдагдалтай байна вэ, тэр дотроо Тэтгэврийн даатгалын сан яагаад авлагатай байна вэ гэдгийг төрийн түвшинд ч, ард иргэд ч маш сайн ойлгох ёстой. 

Яг үнэндээ 2021 он хүртэл Нийгмийн даатгалын сангийн талаар баримтлах Засгийн газрын төлөвлөгөөг УИХ баталчихсан. 2015 онд хагас хуримтлалын тогтолцоонд, 2021 онд бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх ёстой. Гэтэл одоо юун хагас, бүрэн хуримтлал битгий хэл Тэтгэврийн даатгалын сан 10 гаруй их наяд төгрөгийн авлагатай байна. Тус санд үлдэгдэл гэж байхгүй. Энэ сангуудыг мөнгөжүүлэх асуудал үеийн үед хаягдаж ирсэн гашуун түүхтэй. Үүнд анхаарах цаг болсон. Хэмжэээ хязгааргүй хэдэн зуун тэрбумаар нь хөрөнгө оруулалт нэртэй, улстөржсөн төсвүүд баталдаг. Тэрийгээ үрэлгэн зарлагаддаг байдал Монголын төрд гэм биш зам болсон. 

Тэгэхээр Ерөнхийлөгчийн яриад буй шиг үнэхээр улстөржсөн, сонгууль руу чиглэсэн замбараагүй олон хөрөнгө оруулалтаа боль. Үнэхээр иргэдээ бодож буй юм бол иргэдийнхээ тэтгэвэр, нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх асуудалд анхаарах цаг болсон. Төр тэтгэврийн даатгалын санд төлөх ёстой 10 гаруй их наяд төгрөгөө төл. 

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх замаар иргэдийн халаасыг суйлж Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхнө гэж бодож буй бол энэ нь маш буруу үйлдэл. Төр замбараагүй олон зардал, хөрөнгө оруулалтаа хумьж, цэгцлээд гарсан хэмнэлтийн мөнгөө  даатгалын сангуудад байршуулж, хуримтлал бий болгох зам руу явах нь зөв байх" хэмээн байр сууриа илэрхийллээ