Хөлбөмбөгийн алдартай од, царайлаг хөвгүүдийн аав гэх тодотголтой Дэвид Бекхэм өнөөдөр 43 нас хүрч байна.

Бекхэм Английн Лондон хотын зүүн нутаг Лейтстоун дахь Виффс Крос Университи эмнэлэгт мэндэлжээ. Гал тогооны тавилга угсрагч аав, үсчин ээжийн хүү тэрээр багаасаа л бөмбөгтэй найзалсан нэгэн. Дунд сургуульд байхад нь багш түүнээс "Чи юу хийдэг хүн болохыг хүсдэг вэ?" гэж асуухад тэр эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр "Хөлбөмбөгчин болохыг хүсдэг" хэмээн хариулж байсан гэдэг. Тэр санасандаа хүрч хэдийнэ алдрын оргилд хүрсэн.

Бекхэм хөлбөмбөгийн бүхий л домогт тэмцээнүүдэд орж байснаараа Англичуудаас хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч хэмээн бичигдсэн байдаг.

Дэлхий нийт түүний нэрийг спортын амжилтаар нь төдийгүй дэлхийн шилдгийн шилдэг брэндүүдийн сурталчилгаагаар нь, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг гэдгээр нь мэдэх билээ.