“Интермед” эмнэлгийн нүдний эмч, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Д.Жавзансүрэнтэй ярилцлаа. Бид энэ удаа хараагаа алдах гол шалтгаанууд болон нүдний зовхи татах талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна.


-Нүдний даралт ихсэх өвчин хэдэн наснаас илэрдэг вэ?

-Нүдний даралт ихсэх өвчин нас дагаж ирдэг. Ихэвчлэн 40-өөс дээш насныханд эрсдэл илэрнэ.

Яагаад нүдний даралт үүсдэг юм бэ гэж хүмүүс асуудаг. Учир нь нүдний дотоод шингэн сормослог биет үүсч, хүүхэн хараагаар дамжин нүдний өмнөд хоргын өнцөгөөр тогтмол гадагшилж байдаг. Харин нүдний өнцөг нарийсчихвал шингэн хуримтлагдан гадагшилж чадахгүй, нүдэн дотроо хуримтлагдан даралт ихэсдэг.  Улмаар харааны мэдрэл дарагдан хатангиршин хараагаа алддаг. 

Үүнийг усны шугамтай зүйрлүүлж хэлбэл хэвийн үед цоргоор ус гоожиж хоолойгоор урсдаг шүү дээ. Хэрвээ хоолой бөглөрчихвөл ус тосгуураас халиж асгарна. Үүн шиг нүдний шингэн өнцгөөр гадагшилж чадахгүй байгаа нь л нүдний даралтыг үүсгээд байгаа юм.

Нүдний даралтыг эмчлэхгүй бол хараагаа алдах аюултай. Цаг хугацаа алдсан тохиолдолд эмчлүүлсэн ч нүдний харааны мэдрэлийн үхэжсэн эс эргэж сэргэдэггүй. Тийм учраас 40-өөс дээш насныхан урьдчилсан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байх ёстой. 


-Нүдний даралтаа оношлуулахгүй бол гэнэтхэн хараагаа алдах аюултай гэсэн үг үү?

-Ихэвчлэн нүдний даралт ихсэх өвчин ямарч зовиургүй явагдаж байгаад эцсийн шатандаа оношлогддог учраас хараа алдах аюултай.

Хараагаа алдах эхний 2 шалтгааны эхнийх нь болрын эмгэг удаах нь нүдний даралт юм.

Нүдний даралт дотроо 2 янз байдаг. 

Хаалттай өнцөгт нүдний даралтын үед шинж тэмдэг илэрдэггүй. Голдуу албан байгууллагын эсвэл дотрын эмчийн үзлэгээр мэдэгддэг. Ямар ч зовиургүй явж байгаад гэнэтхэн хүчтэй огьж бөөлждөг эсвэл толгой хүчтэй өвдөж дотор муухайрдаг. Тиймээс хоолны хордлоготой андуурагдах тал бий. Дотрын эмч нүдний угаа дурандуул гэснээр л нүдний даралттайгаа мэддэг. Хэрэв 24 цагийн дотор арга хэмжээ авч чадвал хараатай үлдэх боломжтой. Хугацаа хожимдвол нүдний даралтыг л бууруулахаас биш харааг сэргээх боломжгүй.

Нээлттэй өнцөгт нүдний даралтын үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй. Учир нь хараа бүрэлзэх, дотор муухайрах зэргээр бага зэрэг зовиур илэрдэг учраас хүмүүс анзаардаггүй.

Монголчууд маань нэг үеэ бодвол эрүүл мэндийн мэдлэгтэй болж хараагаа алдахаас өмнө урьдчилан сэргийлж үзүүлж байна. Гэхдээ л энэ төрлийн тохиолдол гарсаар байгаа учир иргэдийг нүдээ үзүүлж байхыг зөвлөе.

-Аль ч тохиолдолд лазер хийлгэчихвэл хараагүй болохоос сэргийлж чадах уу?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа ороод байвал хараагаа хамгаалах боломж хүн бүхэнд бий. 

Үзлэгээр нүдний хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчний эхний үе шат эсвэл даралтны урьдал шатанд яваа бол лазер эмчилгээ хийдэг. Лазераар нүдний хоргын өнцөг нарийссан үед солонгон бүрхэвч дээр жижиг нүх гаргадаг. Ингэснээр нүдний шингэн чөлөөтэй гадагшилж нүдний даралт даамжирахаас сэргийлж харааг хамгаална. Энэ ажилбар нь мэс засал биш учир хөнгөн талдаа, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, амбулатороор хийгддэг. 

Нүдний даралт өвчнөөс болж захын хараанд өөрчлөлт ордог.

Жишээ нь хэвийн хараатай хүн машин бариад явж байхад ямар асуудалгүй, эргэн тойрноо сайн харна. Харин захын хараа муудсан үед өмнөхөө л хардаг. Үүнээс болж орон зайн баримжаа алдагдаж, 2 талын тольтой ажиллахад хүндрэл гардаг.  Яг ямар үе шатанд явж байгаагаас хамаарч эмийн, лазер болон мэс заслын эмчилгээ хийдэг.

Захын харааны хэвийн болон нүдний даралт өвчний үеийн ялгаа болон харагдах байдал:

https://lh5.googleusercontent.com/pcnFXZgw9MA5nI58YcJx3dBBhE9EN_YZrqbj0TGr8kryT7nmVVpDCPPFYn48EbSNG56qLEHMbPdhzD1kmkYtaAbAdP-7QG9VUfc53l1zQzbk29G8Zh8KVEGYCCtD2SHJd7mdG5cQ

Нүдний даралт анх оношлогдсон тохиолдолд эмийн болон лазер эмчилгээг сонгодог. Нүдний даралт илэрсэн тохиолдолд 2-3 сар тутам тогтмол хяналтад байж эмийн эмчилгээг тасралтгүй хийх шаардлагатай. Нүдний даралт ихсэх өвчин даамжирсан болон эмийн эмчилгээнд нүдний дотоод даралт буухгуй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийгдэнэ. 

Урьдчилан сэргийлэх арга:

✔40 дээш насны хүмүүс жилд 1 удаа

✔41-60 нас жилд 2 удаа

✔61 дээш –улиралдаа 1 удаа нүдний үзлэг шинжилгээнд хамрагдах

✔Нүдний даралт ихсэх өвчний удамшил байгаа тохиолдолд ах дүү хамаатан садан заавал нүдний шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

✔Чихрийн шижин,бамбайн өвчин, зүрх судасны эмгэгүүд, цусны даралт ихтэй хүмүүс, зарим эмийн бодис удаан хугацаагаар хэрэглэдэг бол нүдний уг зайлшгүй дурандуулах

-Хараагүй болох бас нэг шалтгааныг та болор цайх гэсэн. Зарим хүмүүс болроо солиулсан ч буцаад муу хардаг болчихлоо гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Хүн болгоны үс нас дагаж, жам ёсоор бууралтдаг. Үүн шиг нүдний болор ч бас цайдаг. Нүдний болор цайралтын үед дүрс бүрзгэр, манантаж харагдана. 

Настайчууд нүдэнд нуух орчихсон юм шиг арчаад байхад юм тааруухан харагдаж байна гэдэг шүү дээ. Энэ бол болор цайсных. 

Болор бүрэн цайчихвал тэр бүдгэрсэн болрыг аваад оронд нь тунгалаг уян болор суулгачихдаг. Эсвэл бүтэн цайхаас нь өмнө солиулчихвал мэдээж хүндрэл эрсдэл бага байна. Цаг хугацааны явцад энэхүү хальсан бүрхүүл зузаарч бүдэгшил үүсгэж, харааг аажмаар муудуулдаг. Энэ нь болрын мэс заслын дараа элбэг илэрдэг. Хагалгаанаас хойш хэдэн сар болон жилийн дараа илэрч болно. Лазер эмчилгээгээр энэхүү зузаарсан хальсыг арилгаж харааг сэргээдэг.

-Зовхи унжаад хүүхэн хараа дарсан тохиолдолд харах талбай багасдаг гэсэн. Танай эмнэлэг зовхи татах, косметик оёдол тавьдаг гэж сонссон?

-60-аас дээш ахимаг насны хүмүүсийн хувьд зовхи нь унжаад хүүхэн хараагаа дарчихдаг. Анзаарсан бол зарим настнууд зовхио скочдоод явж байдаг шүү дээ. Харах талбай нь багасаж байгаа учраас аргагүй л дээ. Энэ тохиолдолд зовхийг нь сойж косметик оёдол тавина. Ингэснээр өмнөх шигээ юмсыг төвөггүй хардаг болох давуу талтай. 

Энэхүү косметик оёдлыг 35-аас дээш насныхан ч хийлгэдэг. Бид мэднэ шүү дээ, давхраатай нүдтэй ч зовхи нь унжаад давхраагүй юм шиг болчихсон бүсгүйчүүд бий. Хэрэв унжсан арьс, өөхийг нь авчихвал нүд сэргээд залуухан харагддаг. Сүүлийн үед давхраагүй, бүлцэн нүдтэй хүмүүс ч Интермед эмнэлэгт хандаж энэ үйлчилгээг хийлгэж байна.

Гоо сайхны мэс засал нь тухайн хүний нүднээс хамаарч янз бүр байдаг. Тухайлбал давхраа суулгах мэс засал, дээд зовхины унжсан арьс болон бүлцэн өөх авах, доод зовхины арьс болон өөхний уутанцар авах, үү, мэнгэ, ургацаг авах гэх мэт. Давхраа суулгах мэс засал нь бүлцэн огт давхраагүй хүмүүст хийгдэнэ.

-Ярилцсанд баярлалаа.