Сүүлийн үед ханиад томуу эрс ихсээд байна. Эдгэчих байлгүй гэж эмнэлэгт хандалгүй орхисноос болж насанд хүрэгчид ч сэхээний тасагт хүндэрч ирсэн тохиолдол улсын болон хувийн эмнэлэгт цөөнгүй гарчээ. Энэ талаар “Интермед” эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, их эмч Б.Цолмонгоос тодрууллаа.

-Ямар шалтгаанаар насанд хүрэгчдийн ханиад хүндэрч, зарим тохиолдолд сэхээн ортол хүндэрч ирээд байна вэ?
-Ханиад томуу бүх насныханд халуурах, толгой өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрнэ. Цааш хүндрэхээрээ бага зэрэг хуурай ханиаж, хоолой хөндүүрлэж эхэлдэг. Яваандаа ханиалга нь цэртэй болж, бөгшүүлнэ, тохирсон зөв эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол уушгины хатгаа болж хүндрэх эрсдэл нэмэгддэг.
Мэдээж ханиад томуугийн өвчлөлийн тохиолдол бүр уушгины хатгаа болж хүндрэхгүй, амьсгалын буюу хүчилтөрөгчийн дутагдалд орж эрчимт эмчилгээний тасагт орохгүй. 

Ханиад томуунаас болж сэхээнд ортлоо хүндэрсэн тохиолдлуудыг харвал өндөр настай, дархлаа султай, уушгины архаг бөглөрөлт өвчин, цусны сахар ихсэх өвчтэй гээд ямар нэгэн байдлаар дархлалын эрхтэн тогтолцооны хамгаалах чадвар нь суларсан, архаг суурь өвчтэй хүмүүс байна.

Үүнээс гадна тогтмол тамхи татдаг зуршилтай эсвэл агаарын бохирдлын сөрөг нөлөө гээд нөлөөлж байгаа зүйлс их. Гол нь манайхан ханиад томуу хүрчихээрээ эрт анхаарал хандуулахгүй, эмнэлэгт хандаж мэргэжлийн зөвлөгөө, шинжилгээ хийлгэхгүй, дур мэдэн эмийн сангаас эм авч уун хугацаа алдсаар өвчнийг хүндрүүлчихэж байна.

-Ингэтэл нь хүндрүүлэхгүйн тулд томуугийн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Ханиад хүндрээд хатгаа болж эсвэл ханиад юм байна гэдгээ хүн өөрөө шууд оношлох боломжгүй. Тиймээс эхлээд эмнэлэгт хандаж шинжилгээ өгөөрэй. Шинжилгээгээр ямар төрлийн үүсгэгчээр үүсгэгдсэн томуу туссаныг мэдэж болно. Шаардлагатай бол рентген зураг авахуулна. Ингэж байж тохирох эмчилгээгээ эмчийн зөвлөгөөгөөр зөв эхлүүлэх ёстой.

Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх аргуудын нэгэн чухал хэсэг нь томуугийн эсрэг вакцин юм. Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг.  ДЭМБ-аас томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусын эсрэг вакциныг гаргаж хэрэглэхийг зөвлөмж болгодог. Энэ төрлийн вакцинжуулалтад ялангуяа өндөр настай, жирэмсэн, төрөх насны эмэгтэйчүүд, 6 сараас дээш насны хүүхдүүдээ хамруулах нь эрсдлээс сэргийлдэг гэдгээрээ давуу талтай.
Манай орон шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай улс орнуудад намрын сүүл үеэс томуугийн улирал эхэлнэ гэж үздэг. Тэгэхээр улирлын томуугийн өвчлөл нэмэгдэхээс өмнө томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Вакцин хийх болон хийж болохгүй тусгай заалтууд бий. Үүнийг эмчтэйгээ ярилцаж байж шийдэх ёстой.

-Сэхээнд орж хүндэрсэн хүмүүс томуугийн вакцин хийлгэсэн байсан уу?
-Хүндэрч эрчимт эмчилгээний тасагт ирсэн өвчтнүүдийн хувьд 35-60 насныхан байлаа. Бүгдээрээ вакцинд хамрагдаагүй. Томуугийн вирус тэр дундаа А хүрээний вирус хоруу чанар өндөртэй буюу өвчилвөл хүндрэх магадлал өндөртэй, явц нь маш хурдан. Хэрэв 5-7 хоногт эрт арга хэмжээ авч эмчлэхгүй бол өмнө дурьдсан өндөр эрсдэлтэй хүмүүс хүндрэх аюултай.
Хүндэрсэн тохиолдлуудыг харвал ихэвчлэн хоёрдогч халдвараар хүндэрч, нянгийн гаралтай уушгины хатгаа үүсч, уушгины их хэмжээний талбайг хамарсан байдаг.

-Иргэдийн дунд ханиад хүндэрвэл хатгаа, хатгаа хүндэрвэл сүрьеэ болно гэсэн ойлголт байдаг. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Ханиад хүндэрвэл хатгаа болно. Хатгаа хүндрэхээр амьсгалын дутагдалд ордог. Нэг ёсондоо биед очих хүчилтөрөгчийн хэмжээ багасч амь насанд аюултай байдал үүснэ гэсэн үг.
Ханиад хүрсэн болгон хүндрэхээрээ сүрьеэ болно гэдэг бол ташаа ойлголт юм. Учир нь сүрьеэ өвчинг үүсгэх өвөрмөц үүсгэгчтэй бөгөөд өвчлөл нь уушгинаас гадна өвчлөлийн олон хэлбэртэй байдаг.  

-Удахгүй сар шинийн баяр болно. Иргэдэд хандаж юу зөвлөх вэ?
-Уламжлалт баяр болдогоороо болох хэдий ч эцэг эхчүүд маань бага насны хүүхдээ олон хүнтэй газруудаар авч явахгүй байхыг хичээгээрэй. ЭМЯ-аас энэ жилийн цагаан сарын үеэр болон цагаан сарын дараа томуугийн халдварын тархалт нэмэгдэхийг анхааруулж байгаа. Тиймээс иргэд өөрсдөөс шалтгаалсан томуугаас сэргийлэх аргуудыг хэрэглэх, ханиад томуугийн өвчлөлийн шинж илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандаж байхыг зөвлөмөөр байна.