Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 27, 2020
ОХУ-ын Санкт-Петербург хотын “Мулахаста” дорно дахины бариа заслын төвийн мэргэжилтэн, уламжлалтын эмч Н.Алтанхундагатай ярилцлаа. Тэрбээр хүзүү, нурууны нугалмын заслаар мэргэшсэн цөөхөн эмч нарын нэг юм.
-Монголчуудын дунд нурууны өвчлөл ихэссэн гэж ярьдаг. Энэ яриа үнэн үү, ямар тоо баримт байдаг вэ?
-Монголчуудын бараг 80-аад хувь нь нуруу хүзүүний шохойжилттой, түүнээс улбаалсан өвчлөлтэй гэсэн дүгнэлтийг манай улсад ажиллаад явсан солонгос эмч нар хийсэн байдаг. Энэ чиглэлээр эмчилгээ, хагалгаа хийдэг эмнэлэг манайд олон бий. Гадагшаа ч хагалгаа хийлгэхээр явдаг хүмүүсийн тоо чамгүй их. Гэвч Монголд энэ чиглэлээр хийсэн нарийн судалгаа байдаггүй. Учир нь манайд эмч нарыг нуруугаар дагнаж мэргэшүүлдэггүй. Иймээс нуруу өвдсөн хүмүүс голдуу, мэдрэлийн эсвэл сэргээн засах чиглэлээр эмчлүүлж байна. Сэргээн засах эмчилгээгээр засрал авахгүй болохоор иргэд уламжлалтын эмнэлэгт, аарцаг нурууны бариа засал хийлгэдэг.
Бариа гэдэг булчин суллах л арга.
-Нуруугаа өвдлөө, муруйлаа гэж ярьдаг. Голдуу ямар шалтгаанаар нурууны муруйлт үүсдэг вэ?
-Нөлөөлөх шалтгаан олон янз. Жишээ нь компьютер, хэвлэгчээ өөрт ойрыг бодож буруу байрлуулснаас болж байнга хажуу тийшээ мушгирч суудаг хүмүүс байдаг. Болж өгвөл хөлөө байнга ачдаг эсвэл хөлөө нугалж суугаад сурчихсан хүмүүс ч бий. Ингэж суух үед нэг талын сүүжний яс байнга өргөгдөөд байна гэсэн үг.
Гэтэл аарцагны яс тэгш байж нуруунд жигд ачаалал ирдэг. Ингэж далийгаад сурчихвал хүн өөрийн мэдэлгүй түүнийгээ тэгшилдэг. Жишээ нь толгойгоо гилжийлгэх ч юм уу. Ингээд л муруйлт үүсчихдэг.
-Өдөр тутмын санамсаргүй хэв маягаасаа болоод л нурууны өвчтэй болох боломжтой байх нь ээ?
-Үзүүлж байгаа хүмүүсийн 60-70 орчим хувь нь буруу дадал хэвшлээсээ үүдэн нурууны нугалмын эмгэгтэй болж байна.
Оффист ажилладаг хүмүүс ширээнийхээ зохион байгуулалтыг бодоод яг өмнөө компьютероо байрлуулж чаддаггүй. Бас нэлээн ажиглагддаг учраас хөлөө битгий ачиж суугаарай гэж зөвлөмөөр байна.
-Дадал хэвшлээ засахгүй бол дахиад нуруу нугалмын муруйлт үүсэх үү?
-Тэгэлгүй яахав. Тиймээс эхлээд хүнээ эмчлэхээс гадна буруу дадал хэвшлийг нь засаж хэлж өгнө. Нэг хэсэг хугацааны дараа дахиад хянадаг. Ер нь өдөр тутмын буруу дадал хэвшлийг засах л хамгийн төвөгтэй.
-Ямар байрлалаар суух нь хамгийг зөв бол?
-Сандалны гуравны нэг дээр суух нь маяг биш шүү. Энэ бол суух хамгийн зөв дадал. Бидний үед багш нар сурагчдыг цэх гэгч нь суулгадагсан, эргээд харах нь ээ зөв дадал байжээ. Орчин үед ингэж суулгахаа больжээ. Эргэн тойрноо анзаарах нь ээ тэгшхэн суудаг хүн ховор харагддаг. Мэргэжил юм болохоор хүмүүсийг зөв, буруу сууж байгаа эсэхийг нь өөрийн эрхгүй анзаарчихдаг юм.
Сүүлийн үед хүмүүс аль болох юм түшиж, налж суух дуртай болсон байна. Энэ нь бас л нуруунд халгаатай зуршил шүү. Нэг тийшээ налж сууна гэдэг нэг хонго дээрээ сууна гэсэн үг. Ингэж л тэгш бус сууснаар нурууны өвчний эхлэл тавигддаг. Иймээс нурууны өвчнөөс хол явъя гэвэл аль болох хоёр хонго дээрээ тэгш суухыг хичээгээрэй. Унтахдаа ч гэсэн зөв байрлалд унтах ёстой.
-Бид хүүхдээ буруу суулаа гэдэг. Ер нь буруу суугаад байвал хэдэн наснаас нь эхэлж мэдэгдэх вэ?
-Хүүхдийн ясны хөгжил хурдацтай явагддаг учраас засагдахдаа ч, муруйхдаа ч амархан. Гол нь эцэг эхчүүд хүүхдээ буруу сууж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Ихэнх хүүхдүүд 12-13 насанд нурууных нь муруйлт, бөгтөр илэрдэг. Энэ насандаа нурууны муруйлт нь хүнд шатанд орсон тохиолдол ч ирдэг.
Хүүхдийнхээ нурууны муруйлтыг мэдэх амархан шүү дээ. Та хүүхдээ 90 градус бөхийлгөөд үзээрэй. Бөхийлгөхөд нурууны товгор нь адил, жигд байх ёстой. Хэрвээ жигд биш байвал мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Ер нь Монголд энэ чиглэлээр дагнасан эмнэлэг, эмчилгээ шаардлагатай болчихжээ.
-Хүүхдүүд хүнд цүнх үүрдэг. Үүнээс болж нурууны муруйлт үүсэх үү?
-Нөлөөлөлгүй яахав. Хүүхдүүд багаасаа хэтэрхий хүнд цүнх үүрч байна. Хариуцсан салбар, яамныхан ч цүнхний стандартыг батлах цаг нь болсон. Бас сургуулийн ширээ сандал хүүхдийнхээ нас онцлогт тохирсон байдаг. Орчин үед сургуулийн хүртээмж тааруугаас болоод ахлах ангийнхан бага ангийн хүүхдүүдийн ангид ордог юм билээ. Ирээдүйд л сөрөг нөлөө нь илэрнэ шүү дээ.
Гар утсаа харахаар багахан тонгойход 3-5 кг-ын ачаалал хүзүүний үе дээр ирдэг.
Их тонгойвол 10 кг-ын ачаа үүрсэнтэй тэнцэх ачаа ирнэ гээч. Ер нь төрөөс бодлого зохицуулалтаар хүүхэд залуусыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаасай.
-Спортын бэртэл гэмтэл хэр их ирж байна вэ?
-Бие халаалтгүй дасгал хийдэгтэй холбоотой бэртэм гэмтэл цөөнгүй ирдэг. Эсвэл хүчтэй шахаж, хэт их ачаалал өгч нуруундаа суулт өгөн бэртэж гэмтдэг. Хүчний дасгалын дараа сунгалтаа хийгээгүйгээс нурууны булчин чангарчихсан явсаар байгаад нугалам хооронд зайгүй шахам болчихсон хүмүүс ирдэг юм.
Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт 34 хос мэдрэл салаалдаг. Эдгээр мэдрэлүүд нь хүний бүх эрхтэн системийн үйл ажиллагааг зохицуулахад оролцож байдаг.
Хүзүүний нэгдүгээр үе гавал ясны хооронд мэдрэл дарагдахад толгой байнга өвдөх, толгой эргэх ,хэвтэж байхад ч эргэж байгаа мэт санагдах зовиур илэрнэ. Хүзүүний үе арагш урагш хажуу тийшээ гэх мэт хааш гулссанаас шалтгаалан бусад шинж тэмдэг болон өвдөлт мөн илэрдэг.
-Нурууны мэдрэл нь дарагдсан сүүлдээ гуя руугаа өвддөг болчихлоо гэдэг. Энэ нь хэр хүнд зовуур вэ?
-Хонго, гуя руугаа өвдөнө гэдэг мэдрэл рүүгээ нөлөөлж байгаагийн шинж. Энэ тохиолдолд элдэв эм ууж, бариа засал хийлгэж цаг алдах ёсгүй. Яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хүмүүс нуруу өвдөлтийг амь наснаас холуур гэж ойлгон үл хайхардаг. Гэтэл хамаг өвчний шалтгаан болдог.
☘ Жишээ нь даралт ихсэх өвчинтэй гэж оношлогдсон хүмүүсийн шалтгаан гэхэд хүзүүнийх нь 1-2 дугаар нугалам гулссанаас үүссэн байсан. Толгой нь эргэдэг, байнга дайвалздаг гэсэн зовууртай хүмүүсийг үзэхэд мөн л нурууны нугалмын гажилт үүсчихсэн нь оношлогдсон.
☘ Мэдрэлийн салаануудыг хавчин дарснаас нурууны остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн эмгэг үүснэ. Хүндэрвэл нугалмын тэжээл алдагдан нурууны үенүүдийн зөөлөн эд шохойжин хатуурч шохойжиж, улмаар яс ургалт үүсдэг байна. Бүр хүндэрвэл саа саажилт үүсэх хүртэл аюултай.
-Ийм олон төрлийн өвчин үүсдэг байх нь ээ?
-Олон янзын зовуур бий. Гар бадайраад, мөрөө даахаа больчихлоо гэдэг. Бас л хүзүүний хэсгийн мэдрэлийн ёзоор нь дарагдаад гарыг мэдрэлжүүлдэг хэсэг нь гулсчихсантай л холбоотой байдаг.
☘ Саяхан зүрх нь дэлсдэг, айж цочдог гээд уламжлалт эмнэлгийн тан ууж байсан эмэгтэй хандсан юм. 6-7 дугаар нугалам муруйсныг засахад тэр эмэгтэйн зовуур нь арилсан. Энэ мэтээр өөрсдөө мэдэхгүйгээр нурууны суулт, шохойжилттой л гээд яриад явдаг. Гэтэл хүзүү нурууны нугалмын гажилттай, гулсалттай гэдгээ тэр бүр мэддэггүй, оношлуулаагүй хүн зөндөө байгаа.
☘ Ер нь нуруу нугалмын гажилт багахан үүсэхэд л ужгирсаар янз бүрийн зовуур өгдөг.
-Нуруу өвдлөө гэхээр голдуу бариа хийлгэ, блок гаргуул гэдэг. Энэ зөв хандлага уу эсвэл буруу зүйл үү?
-Зовуураасаа шалтгаалаад блок гаргаж болох, болохгүй ч хүн бий. Үүнийг ялгаж салгаж ойлгох учиртай. Нуруу, бүсэлхий хүзүүний хэддүгээр үе гулссан гэдгийг эмч рентген зургаас хараад л мэднэ. Гэтэл бариа засалчид чухам аль хэсэг нь гулссан, цуурсан гэдгийг мэдэхгүй шүү дээ.
-Нурууны бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэнээс үүдэн үргүйдэх шинж тэмдэг илэрдэг гэсэн үнэн үү?
-Нурууны бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэн үед ууц чилэх, хөших, нуруу гэнэт татах,түнхээр хатгаж өвдөх,өвдөлт доошлон гуяны ар урд тал,тахим,шилбэ үрүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах,найтаах, дүлэх үед нэмэгддэг.
Тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна, ар шилбэний гадна талаар өнгөц мэдрэхүй алдагдах,булчин зангирч хөдөлгөөн хязгаарлагдаг. Хөдөлгөөн, ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх,нуруу мурийх,бөөр өвдөх мэт санагдаж эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх,эмэгтэйчүүдэд эрт цэвэрших,биений юмны мөчлөг алдагдах,өвдөлттэй ирэх, үргүйдэх шинж ажиглагдана.
-Бидний ярьж сурснаар нурууны өвчнүүдийг бүрэн эмчлэх боломжтой юу?
-Нурууны нугаламуудын гажилтыг эмчлэх бүрэн боломжтой. Мэдээж хүндэрсэн тохиолдолд хагалгааг сонгоно.
Хүндрээгүй тохиолдолд гол эмчилгээ нь нэгэнт гажилт үүссэн нугалмыг байранд нь буцаан байрлуулах зорилгоор хийгддэг уламжлалт засал юм. Мөн энэ эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэхэд хөдөлгөөн чухал хэрэгтэй. Засаад хэвийн болгож болох ч тухайн хүн буруу дадал хэвшлээ заавал өөрчлөх ёстой. Мэдээж буруу суусаар байвал үр дүн гарахгүй.
Хэрэв хэт хүндрээгүй бол тухайн хүний бие,насны онцлогт тохируулан туршлагатай эмчийн сонгосон татлага,бумба,зүү эмчилгээ,бариа засал, шарлага зэрэг хавсарсан физик эмчилгээ маш үр дүнтэй байдаг. Эмчилгээний үеэр даарч хөрөхгүй, хүнд юм болгоомжгүй өргөхгүй, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллахгүй гээд заавал барих гам бий.
-Аарцаг нурууны гажилт эмчилгээ авахдаа хэр бол?
-Нурууны мурийлттай харьцуулбал аарцагны гажилт харьцангуй амархан засагддаг. Аарцагны гажилтыг богино хугацаанд буюу гажилтын зэргээс хамааран 3-10 хоногийн хугацаанд үр дүнтэй, аюулгүй шинэ аргаар засаж болдог. Бүр ганц удаагийн оролтоор ч засах боломжтой. Гэхдээ маргааш нь ч эргээд аарцаг нурууны гажилт үүсэх магадлалтай. Үүнийг чанартай эмчилгээ болгохын тулд өмнө дурдсанчлан дадал хэвшлээ л зөв болгох ёстой юм.
-Үнэхээр засагдсан эсэхийг яаж мэдэх вэ?
-Үр дүнгээ баталгаажуулах арга бол рентген зураг байдаг.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [124.158.95.14] ・ 2020.12.17 Хариулах
ЭНЭ ЭМЧ МОНГОЛД ЯМАР ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ? ҮЗҮҮЛЭХ ЮМСАН, ХОЛБОГДОХ УТАС, ХАЯГ НЬ БАЙНА УУ?
Зочин [192.82.75.196] ・ 2020.12.25 Хариулах
Мишээл эмнэлэг 95621471
Зочин [157.230.182.8] ・ 2020.11.03 Хариулах
Америк явахаас өмнө энэ эмчид эмчлүүлж байсан. Ёстой эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон мундаг эмэгтэй байна лээ.
Зочин [66.181.168.157] ・ 2020.10.31 Хариулах
хавар бөөнөөр нь вагонд чихсэн халдвар хамгаалал муу сахиулсныг шууд хэлсэн эмч бүсгүй байна шүү дээ
Зочин [150.129.142.106] ・ 2020.10.30 Хариулах
zochin owchtondoo jhn setgel gargaj emchilgee hiigeerei
Зочин [64.119.23.45] ・ 2020.10.27 Хариулах
Bayrlalaa mundag emch shvv Xutulduu irj xedxen xonogch bolow emchilgee xiij uguuch emchee ix olon xvn xvsej baigaa shv
Зочин [202.9.40.137] ・ 2020.10.27 Хариулах
Танд амжилт, аз жаргал хүсье!
Санал болгох
1 Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэх “Зүрхний төсөл”
2 Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж
3 Б.Батхишиг: Хорт хавдраа даван туулсны дараа бусдад итгэл өгөхийн тулд дэлхийн 8 дахь өндөр оргилд авираад ирсэн
4 Эрчүүдийн 70 орчим хувь нь найз нөхдийн нөлөөллөөс болж архинд донтдог
5 Т.Төгөлдөр: Өвдөж зовсон хэцүү үед эрүүл мэндийн даатгал санхүүгийн төдийгүй сэтгэл зүйн том дэмжлэг болдог
Холбоотой мэдээ
Амьдрал
Б.Цолмон: Томчууд томууг сэхээнд ортлоо хүндрүүлсэн тохиолдлууд гарч байна
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 01 сарын 30, 2019
Амьдрал
Ч.Төмөр-Очир: Шагайн зөөлөн эдийн гэмтлийг тоохгүй өнгөрч болохгүй
Х.Оргил ・ 01 сарын 07, 2020
Ярилцлага
Д.Сарантуяа: Хамрын цацлага байнга хэрэглэх нь зовиураа даамжруулж байгаа хэрэг
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 11 сарын 03, 2018
Ярилцлага
Р.Цэрмаа: Ханиад хүрсэн үедээ цахим хэрэглээгээ хязгаарла
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 09 сарын 19, 2018
Ярилцлага
Х.Хулан: Зүрхний шигдээс өвчнийг урьдчилан оношлох боломжтой
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 04 сарын 23, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.