Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 19, 2018
Жил бүрийн өдийд цэцэрлэг сургууль эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн хөл хөдөлгөөн нэмэгдэж ханиад томуу ихэсдэг. Мөн улирал шилжиж үед томуу идэвхжиж буй энэ үед Интермед эмнэлгийн уушги болон зүрх судлалын ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр Р.Цэрмаатай ярилцлаа.
-Ханиад томуугаар өвдөхгүй байх боломж бий юу?
-Урьдчилан сэргийлэх боломж бүрэн бий. Зуны улиралд хүүхдээ хангалттай агаар салхинд гаргаж дархлаажуулах нь маш сайн урьдчилан сэргийлэх арга болдог. Гэсэн хэдий ч хүүхэд амьсгалын замаар халдвар авах, даарч хөрөх гээд янз бүрийн шалтгаанаар ханиад, томуу авдаг.
Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн эхлээд хүүхдээ, өөрсдөө ч дулаан хувцаслах хэрэгтэй. Мөн хэт хүйтэн зүйл идэж уухгүйгээр, халуун, амин дэмтэй хоол ундыг тогтмол цагт тохируулж хэрэглэх нь чухал. Ингэснээр бодисын солилцоо эрчимжиж дархлаа сайжирдаг. Сүүлийн үеийн хүүхдүүд эцэг эхийнхээ амьдралын хэв маягаас шалтгаалж орой унтаж амарч байна. Энэ бол маш буруу дадал. Хүүхэд хэдий чинээ эрт амарна төдий чинээ интерферон ялгарч дархлаа сайжран зарим тохиолдолд ханиад авсан ч хурдан эдгэдэг.
-Ханиад, томуу тусахгүйн тулд вирусын халдвараас урьдчилан сэргийлэх эмийг урьдчилан хэрэглэж болох уу?
-Энэ төрлийн эмийг урьдчилан сэргийлэх, эмчилгээний гэсэн хоёр тунгаар хэрэглэж болдог. Гэр бүлийн аль нэгэн гишүүн ханиад хүрчихвэл эсвэл сургууль цэцэрлэг, ажлын орчинд ханиад томуутай хүмүүстэй хамт байгаа бол урьдчилан сэргийлэх тунгаар ууж урьдчилан сэргийлэх арга бий. Гол нь эмээ уухдаа хүүхэд, том хүн аль нь ч байсан эмчийн заавраар, нас жиндээ тохирсон тунгаар, тогтмол цагт хэрэглэх ёстой. Ингэж чадвал маш үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга болдог.
Гэтэл манай зарим иргэд эмээ бичүүлчихээд цагтаа уухгүйгээр мартчихаж, өнөөдөр нөхөөд уучихна гэдэг тал бий. Хэрэв эмийг ингэж замбараагүй хэрэглэвэл энэ төрлийн эм антибиотиктой адил хоруу чанартай. Бүр эмэнд дасалтай болгох ч аюултай. Ингэснээр өвчлөлийг хүндрүүлж улмаар нас баралтанд ч нөлөөлөх зэрэг хүндрэл гардаг.
-Ханиад тусч байж хүний дархлаа суудаг гэдэг үнэн үү?
-Вирусын халдвараар өвдвөл тухайн вирусыг эсэргүүцэх дархлаа тогтдог. Учир нь халуурна гэдэг тэр вирусын эсрэг бие махбодь нь тэмцэж дархлаажиж байгаа үйл явц юм. Үүнийг мэдэхгүйгээс ихэнх хүмүүс дархлаа тогтох үйл явцыг эм уугаад саатуулчихдаг. Хүүхэд дөнгөж 38 хэм хүрэнгүүт халууны эм уулгачих жишээтэй. Насанд хүрэгчид ч ялгаагүй бие арзайгаад тавгүй байна гээд л эмийн сангаа уудладаг буруу зуршилтай.
Уг нь халууралтаас болж хүндрэл үүсээгүй л бол халуун бууруулах эм уух шаардлагагүй юм.
Харин ч ханиад хүрэнгүүтээ халууны эмийг биш вирусын халдвараас урьдчилан сэргийлэх эмийг уух нь илүү үр дүнтэй байдаг. Вирусын эсрэг эм олон талын үйлчилгээтэй. Жишээлбэл вирусын үржлийг нам дарах, халуун бууруулах, үрэвсэлт процессийг зогсоох, цаашлаад уушги, чих, хоолойн үрэвслээр өвдөж хүндрэхээс сэргийлдэг сайн талтай. Гэтэл манайхан ханиад хүрэнгүүтээ антибиотик, халуун бууруулах эм хавсраад хэрэглэчихдэг учраас дархлаагаа сулардаг. Ингээд л эмчилгээ нь ужиграад, удаан хугацаагаар ханиад томуунаас салдаггүй.
-Ханиад хөнгөн өвчин гээд эмчлэхгүй хайнга ханддаг хүмүүс байдаг. Ер нь ханиадаа эмчлэхгүй удвал ямар хүндрэл өгөх вэ?
-Хүмүүс буруу эмчилгээ хийлгэснээс болж ханиаданд маш их зардал гаргадаг. Ханиад яав л гэж, эдгэх л байлгүй гээд эм уудаггүй, эмчид үзүүлдэггүй. Бүр даамжруулж бронхит юм уу хатгаагаар хүндрэл гарсан хойно эмнэлэгт ханддаг иргэд ч бий. Зарим нь хавар туссан ханиад одоо болтол эдгэсэнгүй, ханиалгаад байна гээд үзүүлнэ. Энэ хэнэггүй зангаасаа болоод тухайн хүн архаг хууч өвчтэй болох сууриа өөрөө тавьчихаж байгаа юм.
Нэг үеэ бодвол иргэд томуугийн дэгдэлт их байгаа үед уушгины хатгаа хүндэрч, цаашид даамжирвал амь насанд ч аюултай гэдгийг хүмүүс ойлгож эмчид ханддаг болжээ.
-Ханиад хүрчихээр янз бүрийн арга хэрэглэдэг шүү дээ. Үүнээс аль нь хамгийн буруу арга вэ?
-Анхааруулж хэлэх хэдэн зүйл бий. Үүнд
1. Ханиад хүрэнгүүт хамгийн түрүүнд антибиотик бүү уу. Антибиотик дархлаа дарангуйлдаг. Энэ зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үүний оронд вирусын эсрэг эм уух нь илүү үр дүнтэй.
2. Халуун бүлээн ус, хярам ууж, хоолоо сайн идэн халдвар эсэргүүцэх эм уу. Хүмүүс ханиад хүрчихээрээ ихэвчлэн чацаргана эсвэл нимбэгний шүүс, сармис цагаан гаатай сүү уудаг. Тэр байтугай цагаан архинд халуун ногоо хүртэл хийж уудаг гэж сонсч байсан. Ингэж сайн гэсэн болгоныг түүж хэрэглэх нь үр дүнтэй аргууд биш. Ханиад хүрсэн үед хүний биед халдварын эсрэг дархлааны хариу урвал явагддаг. Үүнээс гадна хэрэглэж байгаа эм тариа, хоол ундаас болж давхар харшлын урвал идэвхждэг учраас харшлын ханиад ч болох аюултай.Тиймээс элдэв зүйл хэрэглэхээс илүү халуун бүлээн ус, хярам ууж, хоол цайгаа сайн идэх, даарч хөрөхгүйгээр халдвар эсэргүүцэх эм уухад л болно. Ингэж чадвал ихэнхи ханиад томуу 3-5 хоногт эдгэчихдэг.
3. Идэвхтэй бай. Ханиад хүрчихлээ гээд хэвтээд байж болохгүй. Харин ч хөдөлгөөн хийх тусам интерферон ялгарч дархлаа сайжирч хурдан эдгэдэг.
4. Даарч хөрч болохгүй, аль болох сайн унтаж амар, зөв амьдралын хэв маягийг хэвшүүл.
5. Ханиад хүрсэн үедээ цахим хэрэглээгээ хязгаарла. Хэдэн цагаар ч хамаагүй гар утас, компьютерын урд суух нь хүний дархлааг сулруулж байдаг.
6. Эмчийн зөвлөгөөг сайтар хэрэгжүүлж эмийг цаг тухайд нь уух. Эмээ ягштал уугаагүйгээс өвчин архагшдаг.
-Вакцины тухай янз бүрийн яриа байдаг. Ямар үед тариулах ёстой вэ?
-Вакцин хийлгэхээсээ өмнө заавал эмчид үзүүлэх ёстой. Дараа нь ханиад томуугүй үедээ, тодорхой зүйлүүд харшилдаггүй хүмүүс эмчийн зааврын дагуу тариулдаг. Хэрэв зөв үедээ хийлгэж чадвал ханиад томуунаас маш сайн хамгаалж чаддаг зүйл шүү дээ. Дархлаажуулалт хийх нь өвдөхгүй байх хамгийн сайн арга гэдгийг ДЭМБ-аас ч зөвлөдөг. Тэр тусмаа 6 сар болон нэг наснаас дээш хүүхдүүд, онцлоод зүрх судасны болон уушгины архаг хууч өвчтэй, чихрийн шижин, бөөрний архаг дутагдалтай зэрэг суурь өвчтэй хүмүүс вакциндаа илүү хамрагдахыг зөвлөж байна.
Мөн томуугийн вирус нь их хувирамтгай байдаг. Өөрөөр хэлбэл энэ жил тархсан томуу нь ирэх жил өөр болчихдог учраас жил бүр ДЭМБ-аас тухайн жилд тархах магадлалтай гэж тооцоолсон омгийн вакциныг хийлгэхийг зөвлөдөг юм. Дашрамд хэлэхэд манай эмнэлэг ДЭМБ-аас зарласан томуугийн вакциныг жил бүрийн 8 сараас эхлэн хийдэг ба энэ жил 7 хоногийн бүх өдрүүдэд хийж байгаа.
-Утааны улирал тун удахгүй эхлэх гэж байна. Иргэд хэрхэн уушгиа хамгаалах ёстой вэ?
-Дэд бүтэц сайжраад хүн ам сийрэгжээд ирвэл утаа дагасан өвчлөл аяндаа буурна. Ингэж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд хувь хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд амны хаалт буюу хамгаалах маскыг зүүхээс өөр арга байхгүй. Ялангуяа өглөө оройны агаарын бохирдол хэт ихэдсэн үед хүүхдийнхээ насанд нь таарсан, хамрын нугалаанд нь таарсан маск зүүлгэж, бага насны хүүхдээ тэвэрч явахыг зөвлөнө.Хэрвээ хөдөө амьдрах ажиллах боломжтой бол цэвэр агаартай хөдөө орон нутгийг зориорой. Мөн гэртээ зориулалтын агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч тавьбал бас эрсдлийг бууруулах талтай.
-Утаатай холбоотой уушгины өвчлөл хэр нэмэгдэж байна вэ?
-Ер нь жил ирэх тусам л уушгины өвчлөл нэмэгдэж байна. Мэдээж үүнийгээ дагаад уушгины шалтгаант өвчний нас баралтын тоо өссөн. Агаарын бохирдлоос гадна уул уурхайн салбарт ажиллаж байгаа залуус уушгины өвчинд нэлээн нэрвэгдэх болсон нь харамсалтай. Эдгээр тохиолдлуудыг харахад байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгслийг өгсөн ч халуун, хэрэглэхэд таагүй гэсэн шалтгаанаар зүүдэггүй гэж байсан. Ийм шалтгаанаар олон жил ажилласан залуус уушгины хавдартай болтлоо даамжруулж байна.
Тамхидалтын нөлөө ч уушгины өвчлөлд хүчтэй нөлөөлж буйг манайхан төдийлэн тоохгүй байна. Өөрөө тамхи татаж эрсдэлд өртөхийн зэрэгцээ олон нийтийн газар тамхи татаж бусдыг хордуулах, ялангуяа гэр орондоо тамхи татаж, хүүхэд, хөгшчүүдээ дам тамхичин болгож байгаа нь их харамсалтай.
Улирлын нөлөө бас бий. Тухайлбал хэт хүйтэн агаараар амьсгалвал амьсгалын замын тогтолцоо хамгаалж чаддаггүй. Энэ бүх шалтгаанаар амьсгалын замын өвчин үүсч байна. Уг нь иргэд өөрсдөө эрүүл мэндийн мэдлэг боловсролтой байж чадвал хэт их хүндрүүлэхгүйгээр уушгины өвчлөлөөс хамгаалах боломж бий.
-Ямар шинж тэмдэг илэрвэл уушгины эмчид хандах ёстой вэ?
-Удаан хугацаагаар ханиалгаж байгаа тэр нь халууралттай хавсарсан бол анхаарч үзэх ёстой. Үүн дээр цээжний өвдөлт юм уу амьсгаадалттай бол маш яаралтай эмчид хандах нь зөв. Эдгээр шинж тэмдгүүд бол уушгины идээт үрэвсэл болон уушгины янз бүрийн өвчин байгаагийн дохио юм. Манай улсад Сүрьегийн өвчлөл өндөр нь байгаа нь бас анхаарууштай.
-Хатгаа олон дахин хүрвэл хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Хатгаа гэдэг уушгины бактерийн шалтгаантай үрэвсэл. Үрэвсэл болж эдгэх бүрт уушги, уушгины гуурсан хоолой сорвиждог. Тэр хэрээрээ дараа дараагийн халдварыг амархан авч архагших эрсдэлтэй. Архаг хатгаа гэж байдаггүй, сайн эмчлүүлж чадвал ор мөргүй эдгэдэг учраас эмчилгээгээ сайн хийлгэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд ойр ойрхон хатгаа аваад байгаа бол нэг бол дархлаа сул эсвэл зөв асаргаа сувилгаагүй эсвэл эмчилгээ таараагүй байх магадлалтай.
Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.