Алхаж эсвэл гүйж яваад шагайгаараа эвгүй гишгэх үе бараг хүн бүрт тохиолддог. Гэхдээ энэхүү гэмтлийг зөв эмчлэхгүй бол хөлийн шагайн холбоос сунах цаашлаад байнга шагайн үеээр өвддөг болох ч сөрөг талтай аж. Энэ талаар Интермед эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч Ч.Төмөр-Очиртой ярилцлаа. 


-Иргэд ихэвчлэн ямар шалтгаанаар шагайгаа гэмтээдэг вэ?

-Шагайн үе нь хүний биеийн тулгуур эрхтний үүрэг гүйцэтгэдэг, байнга ачаалал авч байдаг. Голдуу ямар нэгэн байдлаар унах юм уу хазгай гишгэснээс гэмтэл үүсдэг. Дотроо зөөлөн эдийн болон ясны гэсэн хоёр төрөлтэй. Манай орны хувьд цаг агаарын онцлогоос хамаарч хүйтний улиралд цас мөсөн дээр халтирснаас болоод шагайн хавчаар ясаа хугалдаг.  

Анзаарч байхад шатаар алхаж яваад хальт гишгэж гэмтэх нь түгээмэл гардаг тохиолдлын нэг. Мөн авто осол, спортын гэмтэл зонхилж байна. Эдгээр гэмтлээс холбоос буюу шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл хамгийн их байдаг. Зарим тохиолдолд зөөлөн эд тасардаг. Ямар ч шалтгаанаар шагайгаа гэмтээсэн хүнд анхны тусламжийг зөв үзүүлэх нь маш чухал.


-Шагайн гэмтлийн хөнгөн болон хүнд зэргийг яаж ялгах вэ?

-Анхны шинж тэмдгийг нь сайн анзаараарай. Хүчтэй өвдөх, хөхрөх, хавдах мөн хөдлөхөд төвөгтэй байвал хэзээ ч шууд босож гишгэж болохгүй. Манайхан голдуу айхтар унаагүй юм чинь гайгүй байлгүй дээ гээд тоолгүй шууд босоод явчихдаг. Ингээд бүр хүндэрсэн хойно нэлээн хэд хоногийн дараа эмнэлэгт хандах нь бий. Үүнээс болоод шагайн гэмтлээ хүндрүүлж хөнгөн гэмтлийг мэс засал хийхээс аргагүй болтол хүндрүүлж байна.


-Тэгвэл манай уншигчдад шагайн гэмтэлд үзүүлэх ёстой хамгийн энгийн анхны тусламжийг зөвлөхгүй юу?

-Дээр хэлсэн шинж тэмдэг илэрсэн бол шагайн яс хугарсан байх магадлалтай. Ийм үед шууд гишгэвэл ясыг зөрүүлэх эрсдэлтэй байдаг. Магадгүй зөөлөн эд нь бага зэрэг суначихсан байсан бол гишгэснээр тэрхүү үе нэмж ачаалал авч зөөлөн эд тасрах ч аюултай. Иймээс гишгэлгүйгээр хэн нэгний тусламжтайгаар шууд эмнэлэгт хандаж зөв анхны тусламж авахыг зөвлөе. 

Интермед эмнэлэг эдгээр гэмтлүүдийг яаралтай тусламжийн тасагтаа үзүүлж, рентген болон компьютерт томографийн аппаратаарзургийг авч оношилдог. Ер нь энэ төрлийн гэмтлийг бүрэн оношлох боломжтой. Мөн хөдөлгөөн хязгаарлах гипс хийж байна. Бид мөчдийн аравч, чиг тавихдаа шохой бус олон улсад хэрэглэдэг viber гэх материал ашигладаг. 

-Ямар тохиолдолд мэс засал хийдэг вэ?

-Мэс заслын бус аргаар чиг эсвэл гипс тавиад эдгэх боломжгүй нөхцөлд мэс заслын хагалгаа хийдэг. Тухайлбал яс зөрсөн, яс бяцралттай, хэт удаан эдгэрэх нөхцөлд хагалгаа хийж шагайг бэхэлнэ. Мөн зөөлөн эд болох холбоос, шөрмөс нь 50 хувиас дээш нь урагдсан бол залгах мэс засал хийдэг.  

Энэхүү хагалгааг хийхдээ Интермед эмнэлэг БНСУ-ын дэвшилтэт технологи ашиглаж байна. Хагалгаа хийсэн бол сараас 45 хоногийн хооронд анхдагч эдгэрэлт үүсэж илааршдаг. Нэмж эмийн бус болон сэргээн засах эмчилгээ хийх нь өндөр үр дүнтэй байдаг. 


-Буруу эдгээснээс болж хазгар доголон болох тохиолдол бий юу?

-Ер нь бол ийм тохиолдол бий. Гэхдээ эмнэлгийн үйлчилгээ хараахан хөгжөөгүй үед ийм тохиолдол гардаг байсан. Орчин үед эмнэлгийн тусламж хөгжсөн хэдий ч хүмүүс хэнэггүй зангаасаа болоод эмнэлэгт ханддаггүй нь шагайн гэмтлийг даамжруулах шалтгаан болж байна. Тухайлбал гэмтлээ эмчлүүлээгүйгээс олон жилийн дараа архагшиж шагайн үенд ясны бүтцийн өөрчлөлт орж шагайн үеэр байнга янгинаж өвдөх зовуур илэрдэг. Голдуу 45-аас дээш насныхан ийм зовууртайгаар үзүүлж байна. Тийм учраас шагайн ясны болон зөөлөн эдийн бэртэл гэмтэл авсан л бол эмнэлэгт хандахыг зөвлөе. Уг нь зөв анхны тусламж аваад бүрэн оношлуулж, эмчилгээгээ хийлгэчихвэл шагайн гэмтэл бүрэн эдгэдэг.


-Зөөлөн эдийн гэмтэлд хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Удвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Шагайн зөөлөн эдийн гэмтлийг тоохгүй өнгөрч болохгүй. Яагаад гэвэл шагайн үенд шаант ясны дотор булуу, тахилзуур ясны гадны булуу хоёроос доошоо өсгий болон шагайн яс руу чиглэсэн холбоос бий. Үүнийг зөөлөн эд гэдэг. Энэхүү зөөлөн эд гэмтсэнээр шагайн үе тогтворгүй болчихдог. Учир нь өмнө дурдсан холбоос барьж байж хүн тэнцвэртэй, зөв гишгэдэг. Эвгүй гишгээд шагайн зөөлөн эдээ гэмтээчихвэл дахих гээд байдаг талтай. Энэ нь холбоосны суналт үүсчихсэнтэй л холбоотой. Иймээс зориулалтын чиг, бэхэлгээг эмчийн зааврын дагуу тодорхой хугацаанд зүүснээр бүрэн эдгэрдэг. 


-Шагай мултрах, булгарах хоёр ялгаатай юу?

-Энэ хоёр тус тусдаа ойлголт л доо. Шагайн ясны үений харьцаа алдагдаж, байрлал өөрчлөгдөхийг мултрал гэдэг. Булгарал гэдэг нь мөгөөрсөнд өнгөц гэмтэл үүсэх, холбоос эдэд суналт урагдал үүсэхийг хэлдэг. Шагайн нийт гэмтлийн дотроос шагайн булгарал нь 85%-ийг эзэлдэг. Спортын гэмтлүүдээс 40-45%-д тохиолддог. Шагайн булгарал үүсэх үндсэн шалтгаан нь спортын тэмцээн уралдаанд оролцох болон тэгш бус гадаргууд гишгэх үед хөлийг газарт буруу тавьснаас болж шагай булгардаг. Шагайн булгарал нь хэнд ч тохиолдож болох бөгөөд даруй эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.


-Xэзээ энэ төрлийн гэмтэл хамгийн их гардаг вэ?

-Хүйтний улирал эхэлсэн үед дээрээс нь баяр ёслолын өдрүүдэд гэмтэх нь их байна. Үүнтэй холбоотойгоор иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эвгүй гишгэж шагайгаа гэмтээдэг. Мөн эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсөж шатаар явж байгаад хазгай гишгэж шагайгаа булгалах тохиолдол бий. 


Шагайн гэмтлээс сэргийлэхийн тулд анхаарах зүйлс:

-Өвлийн улиралд халтирдаггүй ултай гутал сонгож өмсөх

-Спортоор тогтмол хичээллэдэг өмнө нь гэмтэл авсан байсан бол зориулалтын шагайн бэхэлгээ хэрэглэхийг зөвлөж байна.