МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар хэлэлцлээ. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, хариуцлага алдсан гишүүдэд тус бүрт нь хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналд олонх нь нэгдэж, тус дүгнэлтийг баримтлах чиглэлийг МАН-ын бүлэгт өгчээ.

Үүний дараа тус дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй Засгийн газрыг огцруулахад санал гаргасан 27 гишүүн мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэд "Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Тус асуудлыг хэлэлцэх хуралдаанд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг оролцуулах боломжгүй. Тиймээс ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг шалгахыг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, авсан нь үнэхээр тогтоогдвол Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэх хуралдаанд оруулахгүй байх арга хэмжээг хуулийн дагуу авахыг УИХ-ын дарга М.Энхболд нараас  шаардаж, албан бичиг хүргүүлж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд уг чуулганы хуралдаанд оролцож, санал өгөх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ" хэмээн мэдэгдлээ.