Б.Баясгалан
05 сарын 19, 2020
Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, 4.885.000 хүн өвчиллөө. Нийт 319.000 хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 2.6 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 44.000-ынх нь биеийн байдал маш хүнд байна.
Сүүлийн 24 цагт шинээр 86.000 хүн коронавирусийн халвар авч, 3000 гаруй хүн нас барсан. Энэ нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 5000-гаар их, нас барсан хүний тоо 300-гаар багассан үзүүлэлт боллоо. ОХУ-д 24 цагийн дотор өвчлөл 8900 шинэ тохиолдлоор нэмэгдсэн. Манай улсын олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Эрхүү, Чихэд өвчлөл 30-75 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн хурдтай тархаж байна.
Өчигдөр Монголын цагаар 18.00 цагт ДЭМБ-ын 73 дугаар ассамблэй онлайнаар эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Тус хуралд дэлхийн 194 орны 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ удаа зөвхөн Covid-19 халдварын асуудлаар хэлэлцэнэ. Өнөө өглөө манай улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсад авч буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх чиглэлийн талаар мэдээлэл хийсэн.
ДЭМБ-ын Ерөнхий захирал тус хурлыг нээж хэлсэн үгэндээ "Коронавирустэй тэмцэх шидэт арга одоогоор бидэнд алга. Бид гар барих төдийд л амь насанд аюул учрах нөхцөлд байна. Тиймээс бид сонор сэрэмжээ огт алдаж болохгүй. Үндэсний түвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа маш чухал" гэдгийг онцлон хэлсэн" хэмээлээ.
Мөн тэрээр "Коронавирус хүүхдэд ихэнхдээ хөнгөн хэлбэрээр тохиолдож байгаа боловч архаг суурь өвчтэй, сульдаатай, цус багатай, биеийн дархлаа сул хүүхдүүдэд олон эрхтний тогтолцооны хам шинж илэрч, улмаар амь насанд нь эрсдэл учруулах тохиолдлууд байна.
Иймд хүүхдийн дархлааг сайжруулах, амны хаалт заавал зүүлгэх, гадуур дагуулж явуулахгүй байх зэргийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулж байна.
Манай улсад худалдаа үйлчилгээний төвүүдэд иргэд зай барихгүй байна гэсэн мэдээлэл олонирж байна. Үүнд иргэд анхаарах шаардлагатай" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.