“Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуу арваад жил Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурсан боловсролтой нэгэн. Бид энэ удаа буддизм гэж ямар нэг далдын хүчинд итгэх итгэл үү, аль эсвэл орчлон ертөнц, амьдралын мөн чанар уу зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцлаа.

-Та Бурханы шашинтнуудад Буддын сургаалиа унших, ойлгох, хэрэгжүүлэхийн чухлыг тайлбарлан таниулдаг. Гэтэл эсрэгээрээ ядууст мөнгө өгвөл, хуучин хувцсаа өгчихвөл буян арилчихна гэж үздэг буддистууд ч бий.  Бурханы шашинд үүнийг юу гэж тайлбарласан байдаг вэ?

-Бурханы шашинтан хүн ингэж хэлж, ийн үйлдэж байгаа бол гүнээ харамсаж байна.

Бурханы шашны хамаг эрдэмтэн, лам нарыг нь хөнөөгөөд, зааж сургахыг 60 жил хорих хооронд хүмүүс өөрсдөө зан заншил зохиочихсон хэрэг, түүнийгээ бурхны шашин гэж эндүүрч ойлгож тайлбарласнаас энэ бүх буруу ойлголтууд үүдэлтэй.

Хамгийн энгийн буруу жишээг та бүхэнд хэлье.

"Хүүхдийн живхийг хогийн цэг дээр хаяж болдоггүй, өвчин орооно" гэсэн ташаа үзлээсээ болж ууланд булж байгалийг сүйдэлж байна шүү дээ. Энэ бол буддизмын үзэл санаа огтоосоо биш.

Манай монголчууд уул овоондоо гарч чин сэтгэлээсээ сүсэглэн өргөх атлаа сүүний сав, архины шил зэргээ хаяж байна. Улсын наадам, сумын наадам болоход ч ялгаагүй тэрүүгээр нэг хог болгож орхидгоо болих хэрэгтэй. Үнэндээ тэр лус, газрын эзэд, тэнгэр нар байдаг юмаа гэхэд тэд бидний өргөсөн сүүтэй сүүгүй болно. Харин тарьсан хог байгаль дэлхийг, бузарлаж байгаа биз дээ.

Энэ буруу заншил буруугаараа өвлөгдсөөр байгаль дэлхийдээ төдийгүй хүндээ ч халтай болж байна.

Бурханы шашинд хувцсаа ядруухан хүнд өгчихвөл хийморь доройтно, хүнд өглөг өгөхдөө шидэж өгөх ёстой, гараараа өгчихвөл буян нь арилчихна гэсэн ойлголт огтхон байхгүй


Бодоод үз л дээ. Бусдад хэрэгтэй зүйлийг харамын сэтгэлээр шатааж устгана гэдэг дэндүү аминч үзэл юм. Харин ч байгаагаа нэгэндээ хуваалцах нь хүний ёс, хүнлэг үйл хэрэг.

-Бидний буяны талаарх ойлголт дэндүү буруу тийш хазайчихсан хэрэг үү?

-Өөрийгөө бурхны шашинтан гэж боддог хүн бүхэн үүнийг ойлгоосой гэж хүсэж байна. 

Буян нүгэл гэдэг хүрэх төдийд халддаг зүйл биш.

Бүр  яаж ч тэврэлдээд нэг нь нөгөөдөө буян, нүглээ дамжуулах боломжгүй гэж бурхны шашинд үздэг.

Буян нүгэл гэдэг бид хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой л гэсэн ойлголт. Тэр нь хэзээ ч баларч арилахгүй, хэзээ нэгэн цагт өөрт нь заавал ирэх зүйл.


-Ер нь өнөөдрийн ёс суртахуун доройтсон нийгэмд шашин нийгэмд ямар үүрэгтэй вэ?

-Жишээлбэл хүн баруун гараа огт ажиллуулахгүй удлаа гэхэд төд удалгүй нарийсаад хатангиршина. Бие махбод үргэлж л хөдөлж ажиллаж байж эрүүл байдгийг харуулсан дээрх жишээтэй ижил. 

Ёс суртахууныг булчин гэж үзвэл түүнийг байнга л хөгжүүлж байх учиртай.

Иймээс ёс суртахууныг хэн нэгэн үргэлж сануулж байх хэрэгтэй. Тэгж байж л шунал хүсэл гэж асар хүчтэй зүйлээс жаахан  ч атугай гарах юм.

-Нийгэмд ёс суртахууныг ятган ухуулж байдаг гол институци бол сүм хийд мөн үү?

-Мөн байлгүй яах вэ. Христийн шашинтай хүн ням гараг бүр сүмдээ очиж буруу үйл хийсэн бол гэмшдэг, алдсан бол ахиад ухаарах сэдлийг төрүүлдэг хэрэг.
Тэгэхээр Монголчуудыг буруу зөвийг ятган ухуулдаг тэр зүйлийг нь, бурхны шашныг нь хорьсон он жилүүдэд л ёс суртахуунгүй, үнэт зүйлгүй байдал газар авахад хүргэсэн нь үнэн.

Бурхны шашины үүрэг нь нийгэмд зөвийг үлгэрлэдэг, ятгадаг байх ёстой. Тэгэхийн тулд бурхны шашин ил, лам хувраг нь даржин байх ёстой. 


-Гэтэл бодит амьдрал дээр зөрчилдөөд л байна шүү дээ. Хэрээс хэтэрсэн чинээлэг лам ч бий...?

-Тухайлбал хүн авлига аваагүй гэж хэн ч хэлж болно шүү дээ. Үүнийг эд хөрөнгөний зарцуулалтаар л хянана. Би шуналгүй хүн, та шуналаа багасга гэж айлдах амархан, тэгвэл татгалзсан нь харагдаж мэдэгдэх ёстой.

"Hermes"-ийн ч буюу хэрээс хэтэрсэн тансаг, үнэтэй гутал өмсчхөөд, эсвэл өмсөх дуртай гэчхээд шуналыг дарах хэрэгтэй гэж яривал агуулга хэлбэрийн зөрчил мөнөөсөө мөн.Тэр мөнгөөрөө ядууст тусла л даа.

Ер нь Будда шуналыг дарахыг л номлосон шүү дээ. Зарим хүмүүс нууц тарнийн ёсоор явахаар татгалзахгүй гэж эндүүрдэг. Нууц тарнийн номоор нэг насанд гэгээрсэн гэдэг Мила Богд биедээ хөдрөх хувцасгүй, идэх хоолгүй л байсан байдаг, хүмүүс морь, хувцас, малгай тэргүүтэн өгөхөд ‘’Гялайлаа, сайхан хувцас байна, гэхдээ надад илүү нэгэн хувцас буй’’ гээд авдаггүй. 

Нийгэмдээ итгэл заахдаа лам нар өөрсдийгөө хуурдаггүй байх хэрэгтэй.


-Бурханы шашинтай гэсэн итгэл үнэмшил нь өнөөгийн Монголчуудын хувьд юу байна вэ?

-Буддын шашинд зөв явдлыг дэмжиж, зөв байхыг зохицуулдаг далдын хүч байдаггүй. Гэтэл зүгээр л нэг далдын хүч намайг аварчихна гэсэн явцуу итгэл үнэмшилтэй холих нь элбэг байна.

Хөдөө орон нутгаар явахад саяхан нэг үлээгээд эдгээдэг хүн ирээд явсан, өмнө нь долоогоод эдгээдэг мэргэч төлөг ирээд явлаа гэж хэлсэн. Орон нутаг гэлтгүй "мундаг" хүмүүс олон болжээ.

Монголын тэргүүлэх группийн эзэд хүртэл бас л нөгөө үлээдэг, долоодог хүний арай өөр хувилбараас хэтрэхгүй итгэл үнэмшилтэй байх элбэг шүү дээ.

Мөргөчихөөр л аврагдчихна гэж үзэж байгаа бол монатист шашнаас ялгаагүй болж байна.  Гэтэл бурханы шашинд хүн өөрөө өөрчлөгдөж байж өөрийгөө аварна гэж үздэг.


-Таныхаар буян нүгэл гэж юу вэ?

-Зөв буруу үйлдлийг л хэлж байгаа хэрэг.  Бид буян нүгэл гэхээр феодалын ёс суртахууны тутай яриа гэж ойлгодог. Гэтэл үнэндээ юуг хийж болох болохгүй тухай ёс суртахууны тухай л яриа шүү дээ. Өөр үгээр орлуулахгүйгээр оноогоод өгчихсөн үг. Үр хүүхдээ ёс суртахуунтай болгоно гэдэг сэтгэл хангалуун, айдасгүй тайван амьдрах, магадгүй бусдад хүндлэгдэх, бүр том утгаараа МОНГОЛ АМИРЛАХ хөрөнгө оруулалт юм. Түүний тулд та өөрөө судлах, хүүхдэдээ зааварлах хэрэгтэй.Тиймээс үр хүүхдэдээ үүнийг ярьж ойлгуулж сурмаар байна.

Тэднийгээ бид хий хоосон зүйл, чөтгөрөөс биш нүглээс айдаг багаас нь хүнлэг хүн болоход хөтлөх үүрэгтэй.


-Таны бодлоор буддизмын туйлын зорилго юу вэ?

-Ерөөсөө л хүн өөрөө өөрийнхөө муу муутайгаа тэмцэх юм. Хүн илүү зөв сайн болоход оршдог.

Буддист байснаараа, буддын сургаалыг дагаж мөрдсөнөөрөө хувь хүн болоод нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна.


-Сүүлийн үе ёс суртахуун гэдэг зүйл доройтчихлоо гэж нэлээн ярьдаг боллоо. Үүнийг юутай холбон тайлбарлах вэ?

-Энэ бол ёс суртахуун гэгч дааврыг ялгаруулдаг эрхтэнг нь өнгөрсөн 70 жилд аваад хаячихсантай холбоотой. Үүний төлөө 20 мянган ламыг итгэл үнэмшлийнх нь төлөө цаазалсан.

Хэрэв Монголчуудын бурхны шашны уламжлал тасраагүй буян нүгэл, урд хойд насны талаар ярьдаг хэвээр байсан бол айх ичихтэйгээ үлдэх байлаа.

Өнөөдөр Монголын бурхан шашин сэргэж байна. Гэхдээ сэргэтлээ урт удаан хугацаа шаарддаг юм байна. Сэргэж ядаад байгаа шалтгаан нь нөгөө л үзэл сурталтай холбоотой. Кинонд үүнийг маш тод харуулдаг. “Сүхбаатар”, “Цогт тайж”, “Нүгэл буян” гээд кинонууд байна. Гэтэл түүх нь шал өөр. 


-Үүнийг сайжруулахын тулд хаанаас эхлэх ёстой юм бол?

-Миний бодлоор Монголын буддизм институцийн, хяналтын, зарчмын хувьд эрүүлжиж байж энэ нийгэм ёс суртахуунтай болно. Тэгэхээр тэр түүчээ нь бурхан шашин гэж ярьдаг лам нь өөрөө байх ёстой.

Мэргэжлийн тамирчин гэж ярьдаг шиг лам нар ёс суртахууны мэргэжилтнүүд болж байж нийгэм чих тавин сонсож эхэлнэ. 

Түүнээс биш 570 уначхаад ёс суртахуун, хүсэл шуналаа дарах тухай ярих нь утгагүй.

Баруунд нэгэн саятны хүү католикийн шашины кардинал цолыг хүртчихээд өөрийн гэр бүлийн хэрэглээ, тансаг зэрэглэлийн машинаа унахаас татгалзсан байдаг. Тэндэхийн шашны төлөөлөгчид хамгийн хямд төсөр скүүтер унаад явж байдаг.

Манайд нэг ламынд очоод нэвтрүүлэг хийхэд л толгой эргэм тансаг орчин хүлээн жишээтэй.


-Нөгөө талаас бурхны шашныг шүүмжилдэг зоргоороо ярьж гүтгэн доромжилдог хандлага байна. Энэ юутай холбоотой юм бэ?

-Ямар ч шашинтай байсан ч нэгнийгээ хүлээн зөвшөөрч сурмаар байна. Тэр хүн ямар ч шашинтай байсан Монгол л хүн шүү дээ. 

Тэрбээр “Жавзандамба хутагт” төвийн болон Гандандантэгчинлэн хийдийн лам нартай "Өвчтөний сэтгэлийг асрахуй" сургалтыг хавдар өвчнөөр шаналж буй хүмүүст явуулдаг. Лам нар хавдраар өвчилсөн хүмүүстэй оношлогдох үеэс нь л эхлэн зөвлөж, айдас түгшүүр, сэтгэл гутралыг даван туулах бясалгал, Бурханы сургааль номын тухай ярилцаж, эмчилгээ хийлгэх урам зориг өгдөг юм байна. Хамгийн хэцүү нь Халдвар судлалын төвд ажиллачихаад буцаад ирэхэд нүдэн дээр хэн нэгэн нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг ажээ.

-Лам хүний хувьд танаас хамгийн их асуудаг асуулт юу байдаг бол?

-Сайн сар өдөр хараад өгөөч гэж л хамгийн их асуудаг. Би мэдэхгүй болохоор яаж хэлэх билээ. 


-Төвлөрлийн тухай юу хэлэх вэ?

-Бурханы шашинд цаг хэмнэх хамгийн сайн арга бол төвлөрөл гэж үздэг. Төвлөрөл хэдий чинээ өндөр байна, нэгж хугацаанд ногдох ажлын бүтээмж төдий чинээ өндөр байна гэдэг


-Өдөртөө заавал бодож эргэцүүлдэг зүйл?

-Өдөртөө заавал мөнх бусыг бодож эргэцүүлдэг. Би хэзээ ч үхчхэж болно, орчлон хуурмаг шүү дээ, хэт шунаж болохгүйг сануулдаг.

-Та нэг удаагийн лекц дээрээ бурхны шашинтай хүн өдөртөө 6 удаа өөрийнхөө ёс суртахууны талаар бодох ёстой гэж хэлж байсан. Яаж зуршлыг яаж өөртөө хэвшүүлэх?

-Хүн гэдэг зуршлуудын нийлбэр.

Муу бодлуудыг өнжөөгөөд л байвал хүч нь сулраад, зөв сайн бодлыг нэг хоёроор нэмээд байвал хөгжөөд л байна. Энэ процессийг тасралтгүй удаан хийж байж л өөрчлөлт гарна. 


-Удахгүй цагаан сар болно. Энэ баярыг зарим хүмүүс хэт ачаалал болгон хүлээн авдаг. Ер нь энэ баярыг хэрхэн тэмдэглэх ёстой юм бэ?

-Цагаан сар бол үндэстний баяр. Монголчууд энэ өдрөөр хамгийн сайхан үндэсний хувцсаа өмсөж, билэг дэмбэрэлтэй үгсийг хэлдэг, уг удмаа, настан буурлуудынхаа мэндийг мэддэг. Зарим хүмүүс элдэв бэлэг өгөлцдөг гэж төвөгшөөдөг. Энэ бол хаана ч байдаг соёл. Америк, европчууд гэхэд зул сарын баяраар заавал нэгэндээ бэлэг өгдөг. Шинэ жилээр баахан  оргилуун буудуулна, ганц удаа өмсөх даашинз, хувцас худалдан авдаг хэрнээ түүнийхээ зардал мөнгийг тооцдоггүй.

Цагаан сараар оймс өглөө л гэдэг, үнэндээ хэрэгтэй л зүйл шүү дээ, гол нь үндэсний үйлдвэрлэгчийнхээ үйлдвэрлэсэн зүйлийг нэгэндээ бэлэглэцгээе. Ер нь цагаан сарыг зөв зохистой тэмдэглэх асуудал болохоос биш үзэн ядаад төвөгшөөгөөд байх хэрэггүй юм. 


-Шинийн нэгэнд заавал зүг мөрөө гаргадаг. Ер нь зүг мөрийг заавал гаргах ёстой юм уу. Төвдүүд гэхэд зүг мөрөө гаргадаггүй гэж сонссон?

-Бурханы шашинд сэтгэл сайн явбал цаг болгон сайн, зүг болгон өлзийтэй гэдэг. Гэхдээ бид үргэлж зөв сэтгэлтэй байж чадахгүй тул од эрхсийн, зүг чигийн нөлөө байдаг байх.

Цагаан сарын өглөө зүг чиг гаргах зан үйл Монголчуудад л байдаг ёс заншил, дом шиг зүйл юм. Үүнд төвөгшөөж хандалгүй зүг мөрөө гаргах нэг нь гаргаж л байг. 

Хятад, Япон бүгд л өөрсдийн зан үйл соёлтой, түүнийгээ одоо болтол хадгалаад л явж байна.

Магадгүй гадаад хүн ирвэл ийм зан үйл байдаг юм, та ямар жилтэй вэ гээд зан үйлийг нь хийлгэж болно, тэр хүнд сонирхолтой байж магад. Нөгөө талаас, мөр гаргахгүй бол л бүх зүйл балран доройтно гэвэл би итгэхгүй.