ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургадугаар сарын 28-29-нд Японы Осака хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Энэ тухай АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээлснээр, Д.Трамп мөн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Японы Засгийн газрын тэргүүн Абэ Шинзо, Энэтхэгин Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Ангела Меркель, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган  зэрэг хэд хэдэн удирдагчтай уулзана. Тэрбээр Д.Трамп, В.Путин нарын уулзах өдрийг мэдээлэхээс татгалзжээ.

Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Иран, Украин болон зэвсэглэлд хяналт тавих тухай гэрээтэй холбоотой асуудлуудыг хөндөх төлөвтэй байна.   

Уулзалтын үеэр албаны албан ёсоор хэлэлцэх асуудлууд уулзалтын өдөр, хугацаатай адил тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь зөвхөн урьдчилан таамаглаж буй сэдвүүд юм гэж Америкийн засаг захиргааны төлөөлөгч цохон хэлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр В.Путиний нэр дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах хүмүүсийн жагсаалтад орсон гэдгийг мэдээлжээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг