АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих төсвийг батлахгүй бол АНУ-ын засгийн газрын түр зогсолт хэдэн сараар төдийгүй хэдэн жилээр ч үргэлжилж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгдэв.

АНУ-ын төрийн тэргүүн Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, 800 мянга гаруй ажилтан цалингүйгээр ажиллах юм уу сайн дураараа чөлөөлөгдөхөд Конгрессийн танхимын Ардчилсан намын гишүүд  бэлэн байх хэрэгтэй гэжээ.

“Би ийм зүйл болно гэж бодохгүй байна. Гэсэн хэдий ч би бэлтгэлтэй байна. Засгийн газрын түр зогсолт ахин удаан хугацаагаар үргэлжлэхгүй гэж найдаж байна. Засгийн газрын үйл ажиллагааг маш хурдан хугацаанд нээх боломжтой” гэж Д.Трамп нэмж хэлсэн байна.

Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолт гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа билээ.

Хилийн дагуу хана барихын тулд Конгрессийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр үндэсний онцгой байдал зарлаж ч магадгүй гэж АНУ-ын төрийн тэргүүн Ардчилсан намын төлөөлөгчидтэй уулзсаны дараа хэлжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 /Anadolu/