Дональд Трамп, Ким Жөн Ун нар уулзах газраа зарлалаа

Б.Баясгалан
02 сарын 09, 2019

БНАСАУ болон АНУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод болно. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

“Миний төлөөлөгчид маш үр дүнтэй уулзалт хийж, Ким Жөн Унтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтын хугацаа, өдрийг товлосныхоо дараа Умард Солонгосыг орхисон. Уулзалт Вьетнамын Ханой хотод хоёрдугаар сарын 27, 28-нд болно” гэж Трамп бичсэн байна.

“БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай хийх уулзалт болон дэлхийн үйл хэргийг урагшлуулахаа тэсэн ядан хүлээж байна” гэж Америкийн удирдагч мэдэгджээ.

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Биген тэргүүтэй Америкийн гадаад бодлогын байгууллагын 20 орчим төлөөлөгчид Пхеньянд хоёрдугаар сарын 6-наас 8-ны хооронд айлчилсан байна. Айлчлалын явцад Стивен Биген АНУ-тай хийж буй харилцаанд бодлогын асуудал хариуцсан Умард Солонгосын Төрийн зөвлөлийн тусгай төлөөлөгч Ким Хёк Чольтой уулзжээ. Хоёр орны тусгай төлөөлөгчдийн хэлэлцээ хаалттай болсон бөгөөд хэвлэлүүдэд мэдээлэл өгөөгүй байна. АНУ-ын Төрийн Департаментын мэдээллээр, АНУ болон БНАСАУ-ын тусгай төлөөлөгчид хоёр орны удирдагчдын уулзалтын талаар, мөн “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад хүлээсэн үүрэг, АНУ болон БНАСАУ-ын харилцааг өөрчлөх болон Солонгосын хойгт бат бэх энх тайвныг тогтоох асуудлыг хэлэлцжээ”.

Үүнээс гадна, тусгай төлөөлөгчид Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө дахин уулзахаар тохиролцсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.