Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн амралтын өдөр бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавыг сонгон томилсон билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Талархал" илэрхийлжээ.

Тэрээр талархалдаа "Намайг Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдлагад сонгогдсонд баяр хүргэж амжилт хүссэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Их С.Буяннэмэх нар санаачилж, хэдийгээр анхны зохион байгуулалтын хуралд нь оролцож амжаагүй ч зохиол бүтээлээрээ, дэвшилтэт үзэл санаагаараа хүчтэй нөлөөлсөн агуу Д.Нацагдорж болоод цаг цагийн их соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар оролцон үүсгэн байгуулсан Монголын соёл гэгээрэл, оюун санааны анхны ууган байгууллагын 9О жилийн ой 2О19 он гарангуут болж, жилийн туршид тэмдэглэлт ажлууд үргэлжилнэ. МЗЭ-ийн үе үеийн удирдлагууд хичээн зүтгэж, оюун ухаанаа ундруулан байж энэ байгууллагыг өдий зэрэгт хүргэсэн гавьяатай.

Эрхэм уншигчид Та бүхний халуун сэтгэлийн эрч хүч , санаа санаачилга, дэмжлэг оролцоотойгоор хамтаараа их ойгоо амжилт дүүрэн тэмдэглэх болно оо. Манай ахмад, дунд, идэр залуу үеийн зохиолч яруу найрагчдын урам зориг сэргэж, онгод хийморь, цог заль улам бадарна гэдэгт итгэж байна.

"Оросын бахархал бол Оросын уранзохиол" гэж В.В. Путин хэлжээ. "Монголын нууц товчооноос" авахуулаад Их Инжиннашийн, их Д. Нацагдоржийн адистай уран үг, утга төгөлдөр ур санааны үе үеийн гарамгайчуудын бүтээж буй болгосон Монголын их уранзохиол энэ даяаны хаанахаас ч дутахааргүй гэдэгт итгэдэг.

Энэ Монголынхоо нүүдэлчний соёл, түүх уламжлал, зан заншил, яруу тансаг монгол эх хэлийг тээгч "зүрх сэтгэлийн боловсролыг олгогч" ИХ УРАНЗОХИОЛ төр засгийн том бодлого, дэмжлэгээр эрс хөгжих шинэ цаг үе ирнэ гэдэгт итгэж байна.

Утгын мэлмийг нээгч, их номун хөлөгтнүүдийн алдар үеийн үед бадрах болтугай. ХҮНДЭТГЭСЭН ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ" хэмээжээ.