Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж буй чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Би УИХ-д 5 удаа нэр дэвшиж, 4 удаа сонгогдсон. 20-оод жил төрд ажиллаж байна. У.Хүрэлсүх бид 2 нэг ангид орж, нэгэн  зэрэг УИХ-ын гишүүн болж байсан. Анх хамтдаа шударга бусын төлөө тэмцэж байсан. Парламентийн түүхэнд олон Засгийн газар солигдсон. Харамсалтай нь энэ удаагийн Засгийн газар шиг УИХ-ын эрх мэдэлд шууд халддаг Засгийн газар үзээгүй. Алдаа гаргаж буй зүйлд хариуцлага тооцоод, өрнөлөө зөв аваад яваач ээ гэж У.Хүрэлсүх дээр би өөрөө орж ч хэлж байсан. Төрийг, намыг ингэж бусниулж буйд тань У.Хүрэлсүх таны өмнөөс би ичиж байна.

Хэн нэгэн бүлэг, бизнесийн талд орж, эрх мэдэл авчихаад шударга бусын талд зогсож буйд чинь үнэхээр харамсаж байна. Энэ байдлаа зогсоохыг шаардаж байна. Та шударга бусын эсрэг тэмцэж буй биднийг төрөөс төрсөн тэрбумтнуудаас ялгаж салга" хэмээн хэллээ.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.